Тулаанч З.Шинэчагтага улаан хуудас хүртэж торгуулиар ялагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-15 10:40:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ширэн бээлий клуб, "Zorky MMA" багийн холимог тулаанч З.Шинэчагтага "One Champioship" холбооны 70 кг-ын жинд Японы Ёшики Накахаратай тулалдав.


Өнөөдрийн 08.00 цагаас эхэлсэн "One on TNT II" тэмцээний үеэр тулалдсан, 24 настай З.Шинэчагтага 6-2-0 амжилттай байсан бөгөөд сүүлийн дөрвөн тулаандаа дараалан ялаад байв.


Тулаан нэгдүгээр үеэс хойш эсрэг тамирчнаа илүүрхэж байсан З.Шинэчагтага хоёрдугаар үед хөлний өчилтөөс гарахын тулд эсрэг тамирчныхаа нүүр рүү өшиглөснөөр улаан хуудас хүртэж торгуулиар ялагдлаа.


Өрсөлдөгч Ёшики Накахара босож чадахгүй болж дамнуургын тусламжтай дэвжээг орхисон бол З.Шинэчагтага "Өчилтөөс гарахын тулд биеэ хүчтэй эргүүлэх хэрэгтэй байсан. Энэ үед санаандгүй өшиглөчихлөө" хэмээн уучлал хүсэн дэвжээг орхилоо.


Өдгөө 28 настай, жингийнхээ чансааны 7-д эрэмбэлэгддэг туршлагатай Накахара 14-5-0 амжилттай байсан ба сарын өмнө Руслан Эмилбекийг хүнд цохилтоор ялсан юм.

Холбоотой мэдээ