Коронавирусний халдвар авсан 61 иргэн эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-04-14 17:18:03

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссын шуурхай штабын эрүүл мэндийн алба коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн 16.00 цагийн шуурхай мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус аймагт коронавирусний халдварын хоёр тохиолдол Хутаг-өндөр суманд нэмэгдсэн байна. Нийт 72 халдварын тохиолдол батлагдсанаас Сэлэнгэ суманд 36, Хутаг-Өндөрт 23, Орхонд долоо, Тэшиг суманд зургаа байна. Коронавирусний халдвар авсан 61 иргэн эдгэрчээ.

- Өнөөдрийн байдлаар 11 иргэн эмчлүүлж байна. Сэлэнгэ суманд нэг, Хутаг-Өндөр суманд 10 хүн эмчилгээ хийлгэж байгаа. Халдвар авсан иргэдийн биеийн байдлын хувьд Хутаг-Өндөр суманд хүндэвтэр хоёр, бусад нь хөнгөн байна.

Сүүлийн өдрүүдэд Хутаг-Өндөр суманд халдварын зургаан тохиолдол батлагдсан. Коронавирусний халдвар авсан хүний гэр бүлийнхэн, ойр харьцагчид өвчилж байна. Эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөө, зөвлөмжийг сахиж ажиллаагүй байдал ажиглагдаж байна. Сэлэнгэ, Тэшиг, Орхон суманд халдварын голомтыг хумьж, дэглэм барьж ажилласнаар сүүлийн үед халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Хутаг-Өндөр суманд сүүлийн хоногт халдвар авсан иргэд нэмэгдэж байгаа учир мэргэжлийн баг нэмж ажиллуулж байна. Коронавирусний халдвар авсан хүнтэй ойр харьцсан иргэд халдвар авч байгааг анхаарах хэрэгтэй. Аймгийн хэмжээнд халдвартай иргэний ойрын харьцагч 101 хүн байна. Эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөг дагаж мөрдөх хэрэгтэй байна гэж Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа мэдээллээ.

Холбоотой мэдээ