Өндөрхангай суманд хариу арга хэмжээний баг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-04-14 17:01:29

Увс /МОНЦАМЭ/. Өндөрхангай суманд буяны ажилд оролцохоор Улаанбаатар хотоос ирсэн 5 иргэний нэгнийх нь PCR шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан өнөөдрөөс эхлэн аймгийн төв болон таван суманд 72 цагийн тэг зогсолт хийгээд байна.

Буяны ажилд аймгийн төв болон зэргэлдээ сумдаас оролцсон иргэдийн бүртгэл мэдээллийг авч, сумдын Онцгой комисст мэдэгдэн тандалт судалгааг шуурхай зохион байгуулж байна. Энэ хүрээнд 4 сарын 13-ны өдөр Өндөрхангай сумын орох, гарах хөдөлгөөнийг хааж, тухайн иргэний нэгдүгээр хавьтагч 38, хоёрдугаар хавьтагч 152 иргэний бүртгэл мэдээллийг авч, тандалт судалгааг хийж байна. Нэгдүгээр хавьтагч болох 38 иргэний PCR шинжилгээний хариу өнөө оройдоо багтаж гарах аж.

Тодруулбал, Улаанбаатар хотоос Өндөрхангай суманд 4сарын 6-нд буяны ажилд оролцохоор ирсэн таван иргэн 2 болон 3-аар гэрийн ажиглалтад орж, 4-р сарын 8-нд түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамрагдахад сөрөг гарчээ. Улмаар 4-р сарын 9-нд буяны ажилд оролцсон байна. Буяны ажил дуусах үед 4-р сарын-13-нд давтан түргэвчилсэн тестээр шинжилгээ хийхэд эерэг гарчээ. Иймээс тухайн сумын Онцгой комиссоос тандалт, хариу арга хэмжээг PCR шинжилгээний хариуг хүлээлгүй эхлүүлсэн байна.  

Зүүнхангай, Цагаанхайрхан, Баруунтуруун, Наранбулаг, Улаангом сум, Улаанбаатар хотод 1-р хавьтагч нар очсон тул иргэн бүр дор бүрнээ хариуцлагатай байх хэрэгтэй хэмээн аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна. Одоогоор аймгийн төвөөс 13 хүний бүрэлдэхүүнтэй баг Өндөрхангай суманд очиж газар дээр нь ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ