Д.Гансүх: Улиастайнхан хөл хорионы үеэр эерэг мэдээллээр давалгаалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-13 20:58:07

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн иргэд цахим орчинд цар тахлын хөл хорионы үеэр үүрэг гүйцэтгэн ажиллаж буй алба хаагч нартаа урам өгөх зорилгоор эерэг мэдээллээр давалгаалах уриалга гаргаад байна.

Учир нь тус аймагт өнөөдрөөс эхлэн 72 цагийн тэг зогсолтыг зарлаад буй. Үүнтэй холбоотойгоор цахим орчинд зарим иргэд бухимдлаа илэрхийлж буй ч ихэнх нь эерэг давалгааг өрнүүлээд байна.

Үүний нэг нь гэрэл зурагчин Д.Гансүх юм. Тэрээр цар тахлын хөл хорионы үеэр алба хаагчид хэрхэн ажиллаж буй, иргэд дүрэм журмаа хэрхэн биелүүлж буйг гэрэл зургийн дурандаа буулгаж “Ковидгүй зуны төлөө хүн бүр дор бүрнээ хичээцгээе” уриалгыг олон нийтэд өгсөн нь цахим орчинд хандалт өндөр байна. Тэрээр хэлэхдээ: -Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрд коронавирусний халдвартай тэмцэж буй олон алба хаагч, иргэд буй. Тиймээс цар тахлын хөл хорионы үеэр иргэдэд зөв мэдээлэл өгөх нь чухал. Мөн бодит байдлыг үзүүлсэн гэрэл зураг тун чухал. Манай аймагт өнөөдрөөс 72 цагийн тэг зогсолт хийж байна. Энэ нь иргэдэд багагүй бухимдал үүсгээд байгаа. Гэсэн хэдий ч цар тахлыг даван туулахын тулд олон алба хаагч, хэвлэл мэдээллийнхэн ажиллаж байна. Тэд иргэдийнхээ төлөө 24 цагаар үүрэг гүйцэтгэж буй. Мөн дүрэм журмаа чанд сахиж буй иргэд ч олон байна. Тиймээс алба хаагч нартаа урам өгөх, иргэддээ эерэг мэдээлэл өгөх зорилгоор өнөөдрийн Улиастайг гэрэл зургийн дурандаа буулгалаа. Улиастайчууд дүрэм журмаа чанд сахиж буй нь эдгээр зургуудаас харагдана. Цар тахлыг хамтдаа даван туулах нь чухал юм. Улиастайчууд хөл хорионы үеэр эерэг мэдээллээр давалгаалж буй нь сайшаалтай" гэв. Ташрамд иргэд аймгийнхаа фэйсбүүкийн томоохон группүүд болон өөрийн нүүр номоор цар тахлын үед хэрхэн гэр бүлээ хамгаалах зөвлөгөөг хүргэхээс гадна, хөл хорионы үеэр үүрэг гүйцэтгэн ажиллаж буй алба хаагчдад урам өгөх, ажилд нь амжилт хүссэн мэдээллийг нүүр номоороо илэрхийлж байна. Харин аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, гэрэл зурагчид нь халдвар авсан иргэдийг ялгаварлан гадуурхахгүй байх. Хөл хорионы үеэр баталгаатай эх сурвалжийн мэдээллийг хүлээн авах. Цар тахлын үеийн бэлтгэл бэлэн байдал, цаг үеийн мэдээллийг газар дээрээс нь шуурхай хүргэхээс гадна дүрэм журмаа биелүүлж буй иргэдээ уриалсан эерэг мэдээллийг гэрэл зураг, видео мэдээлэл болгож цахим орчинд хүргэж байна. Улиастайд 72 цагийн тэг зогсолтын үеэр 100 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. 















Холбоотой мэдээ