Баруунбүрэн суманд тархсан халдварын голомтыг хумихаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-04-12 14:23:59

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Баруунбүрэн суманд үүсээд байгаа коронавирусний халдварын голомтыг хумих зорилгоор тус сумын иргэн бүрийг шинжилгээнд хамруулах ажил өнгөрсөн бямба гарагт эхэлсэн.

Энэхүү ажлын багийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил өөрийн биеэр ахалж яваа юм. Тэрээр сумын ард иргэдийг шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж, заавар зөвлөмж өгч байна. Мөн мэргэжил арга зүйн зөвлөгөөг аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од өгч байгаа юм.   

Сүүлийн өдрүүдэд тус суманд коронавирусний халдвар дэгдэлт байдлаар тархаж байгаа учраас аймгийн Онцгой комиссоос дээрх шийдвэрийг гаргаж, тус сумын иргэн бүрийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулж байгаа. 36 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа энэ удаагийн баг сумын төвийн бүх иргэнийг шинжилгээнд хамруулах ажлыг өнөөдөр өглөө эхэллээ.

Ажлын багт Эрүүл мэнд, оношилгооны 10, халдваргүйтгэлийн нэг, татан авалтын нэг нийт 12 баг ажиллаж байгаа бөгөөд Баруунбүрэн сумын Онцгой комисс хамтран зохион байгуулж байна. Тус суманд нийт 1300 гаруй иргэн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдахаас сумын төвийн багуудаас 13.00 цагийн байдлаар 678 иргэн, алслагдсан багийн малчин өрхүүдээс 346 иргэн хамрагдаад байна.

Холбоотой мэдээ