Хорио цээрийн дэглэмийг 14 хоног сунгалаа

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-04-11 14:51:47

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын 15 дугаар хурлаар Монгол Улсын Засгийн газрын  

91 дүгээр тогтоолын дагуу Сүхбаатар аймаг 04 дүгээр сарын 10-ны 06:00 цагаас 25-ны 00:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Үүнтэй холбоотойгоор аймгийн хэмжээнд хөл хорионы дэглэмийн дахин 14 хоногоор сунгав.

Энэ хугацаанд:

-Зарим төрийн байгууллагууд Монгол Улсын засгийн газрын 45-р тогтоолд заасны   дагуу хэвийн болон тусгай горимоор ажиллана.

-Баруун-Урт сумын хоёрдугаар тойргоос дотогш томоохон хүнсний дэлгүүр, бөөний төвүүд кассаар үйлчлэхгүй, захын дэлгүүр болон иргэдэд зөвхөн хүргэлтийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд хүргэлтийн машины тоог хоёр болгож нэмэгдүүлэв.

-Хүнсний дэлгүүрийн түгээлт хийх цагийн хуваарийг 08:00-20:00 цаг болгов.

-Архи согтууруулах ундааг худалдан борлуулахгүй.

-Эмийн сан, нотариат, бэлэн мөнгөний автомат тооцооны машин /АТМ/ 08:00-12:00 цагийн хооронд ажиллана.

- Баруун-Урт суманд хяналтын цэгт ажиллаж буй албан хаагчид хувийн авто машинтайгаа үүрэг гүйцэтгэж болно. 

-Иргэд өглөөний 05:00-08:00 цагийн хооронд эрүүл мэндийн дасгал хөдөлгөөн хийж болно.

-Өвс тэжээлийн түгээлт, мах ханган нийлүүлэлт, сумдын хүнсний түгээлтийг нэгдсэн нэг зохион байгуулалттай байх өөрчлөлтүүдийг гаргав.


Халдвар ихэвчлэн батлагдсан тохиолдлын ойрын болон дам харьцагчаас илэрч байгаа учир гэрийн ажиглалтад байгаа болон батлагдсан тохиолдлын дам хавьтлууд дэглэмээ баримтлан, эрүүл бүс рүү зорчихгүй байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.

 

Холбоотой мэдээ