Хүнсний дэлгүүрүүд 10-17 цагийн хооронд ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-04-10 11:36:35

Баянхонгор /МОНЦАМЭ/. Улс болон аймгийн хэмжээнд Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан өнөөдрөөс хөдөлгөөний хязгаарлалт хийж, хүнсний дэлгүүрийг 10-17 цагийн хооронд ажиллуулахаар АОК-оос шийдвэрлэлээ.


Хөдөлгөөний хязгаарлалт энэ сарын 25 хүртэл үргэлжлэх бөгөөд мөн хугацаанд хүн амыг хүнсний хомсдолд оруулахгүй байх үүднээс хүнсний тээвэрлэлт, худалдаа, түгээлт, ханган нийлүүлэлтийг тасалдуулалгүй явуулахаар АОК-оос шийдвэрлэв. 

Хүнсний дэлгүүрүүд халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн 10:00-17:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулна. Үйлчилгээ эрхлэгч нар дэлгүүртээ гар ариутгалын бодис тогтмол байршуулан, үйлчлүүлэгчдэд амны хаалттай байх шаардлагыг  тавьж, хүн хоорондын зайг бариулан,  бөөгнөрөл үүсгэлгүйгээр үйлчлэх юм. 

Мөн аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газраас архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг тусгай зөвшөөрөл бүхий цэгүүдэд заавар зөвлөмж хүргүүлж, архины тасгийн бүтээгдэхүүнүүдийг лацдаад байна. Лац хөдөлгөсөн болон авсан  тохиолдолд зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль оногдуулж, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээг авах аж.

Ташрамд дуулгахад, Улсын чанартай автозамаар дамжин өнгөрч буй эрүүл мэнд, хүнс бусад яаралтай ачаа тээврийн унаа тэргийг гацаалгүй явуулах, аймаг дотор тасралтгүй үүрэг гүйцэтгэх тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагагааг саадгүй хангах үүднээс авто, дугуй засварын үйл ажиллагааг явуулахаар болжээ. 


Холбоотой мэдээ