Батсүмбэрийн сувиллын ахмадуудыг вакцинжуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХНХ-ын сайд А.Ариунзаяа Төв аймгийн Батсүмбэр суман дахь Ахмад настны үндэсний төвийн ажилтай өнгөрсөн амралтын өдөр танилцав.
Тус төвийн 153 ахмадыг эмчийн үзлэгт хамруулж, вакцины эсрэг заалттай 44 хүнээс бусад нь вакцинаа хийлгэжээ. "COVID-19" цар тахлын нөхцөлд ахмадууд гэр бүлээсээ эргэлт авах, уулзах боломжгүй байгаа учраас цахим уулзалтын өрөөтэй болгосныг танилцуулав. Өчигдөр 2 нөүтбүүк нэмж нийлүүлсэн байна. Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвд хандаж асрамжийн төвийн эмч, асрагчдыг төрөлжүүлэх, хүн тус бүрт эмчийн нарийвчилсан дүгнэлт хийлгэхээр ажиллаж байгаа аж.
Асрамжийн төвд байгаа ахмадуудын мэдээллийг www.ehalamj.mn системд холбож, Төрийн банк, Хаан банктай хамтран асруулагчдын тэтгэвэр, тэтгэмж, шилжүүлгийг 100 хувь дансжуулж, картжуулжээ.
Одоо сэтгэцийн эрүүл мэндийн өөрчлөлттэй хүмүүсийг эрүүл ахмадуудтай хамт байлгаж байгаа нь аль алиных нь эрх зөрчигдөж байгааг өөрчилж, шинэ зохион байгуулалт хийх талаар ярилцжээ. Цаашид тусгай байгууламж барьж, төрөлжүүлээд явах шаардлагатай байна. Энэ талаар ХЭҮК-той газар дээр нь ажиллаж тодорхой шийдэл гаргалгааг гаргасан талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээллээ. Тэрээр УОК-ын зөвшөөрлөөр ЭМЯ-тай хамтарч асрамжийн газарт тулгарч буй хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж, ахмадуудтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсжээ.