Голомтот бүсээс ирсэн иргэдийг 5 хоног тусгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-04-02 20:24:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, голомтот бүс нутгаас ирсэн иргэдийг тусгаарлахтай холбоотой зарим асуудлыг хэлэлцлээ.

Аймгийн Онцгой комиссын өнгөрсөн сарын 28-ны өдрийн ээлжит VII хуралдаанаар голомтот бүс нутгаас ирэх иргэдийг 7 хоног төлбөртэй нөхцөлөөр тусгаарлахаар шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар уг хугацааг 5 хоног болгон өөрчиллөө.

Тусгаарлах байрны төлбөр /орон байр, хоол, халдвар хамгааллын зардал/ насанд хүрсэн хүн тус бүрт 55 мянган төгрөг байна. Харин 12 хүртэлх насны хүүхдээс төлбөр авахгүй, 12-17 насны хүүхдүүдэд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болов. Баян-Өлгий аймаг руу зорчих иргэд тусгаарлах байрны төлбөрийг гарахаасаа өмнө урьдчилж төлнө.

Улаанбаатар хот болон бусад голомтот бүс нутгаас өдөрт дунджаар 30 гаруй хүн ирж байгаа аж. Цаашид орон нутаг дахь тусгаарлах байрны багтаамжийг тооцсоны үндсэн дээр иргэдээ татан авч байхаар тогтлоо. Тодруулж хэлбэл, тус аймагт бэлэн байгаа тусгаарлах байрны орны тоогоор Баян-Өлгий аймагт нэвтрэх зөвшөөрөл олгохоор шийдвэрлэв. 

Голомтот бүс нутгаас ирсэн иргэдийг түргэвчилсэн оношлуураар хамар залгиурын арчдасны шинжилгээ авч тусгаарлалтад оруулна. Харин ажиглалтын хугацаа дууссаны дараа PCR шинжилгээний хариуг үндэслэн гаргаж байхыг эрх бүхий байгууллагуудад үүрэг болголоо.   

 

Холбоотой мэдээ