Есөнбулаг сумд хөнгөлөлттэй үнээр 177.8 тонн нүүрс борлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-04-01 16:16:04

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Мандал Голомт” ХХК нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ЗДТГ-ын хүсэлтийн дагуу нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус сумын айл өрхөд хөнгөлөлттэй үнээр нүүрс борлуулж байгаад иргэд баяртай байна.


Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Есөнбулаг сумын Засаг даргын захирамжийн дагуу хорио цээрийн үед гэр хорооллын айл өрхөд хямд үнээр, хүртээмжтэй байдлаар нүүрс худалдан борлуулах ажлыг шат дараатай зохион байгуулсан билээ. Энэхүү ажлын хүрээнд 2020 оны 11 дүгээр сараас эхлэн “Мандал Голомт” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ард иргэдэд “Хөв булаг”-ийн уурхайн нүүрсийг хөнгөлөлттэй буюу 1 кг-ыг 120 төгрөгөөр борлуулж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор “Мандал Голомт” ХХК-аас Есөнбулаг сумын баг тус бүрт хөнгөлөлттэй үнээр нүүрс борлуулах цэг байгуулж, уурхай дээрээ ангилан ялгаж ууталсан  нүүрсээ өдөр бүр татан авч иргэдэд хүртээмжтэй борлуулж байгаа гэлээ. Одоогоор дээрх цэгүүдээр дамжуулж 177.8 тонн нүүрсийг ард иргэдэд хөнгөлөлттэй үнээр борлуулсан байна. 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын түлээ нүүрсний нэгдсэн цэг дээр нэг тонн нүүрс 180-200 мянган төгрөгөөр борлуулагддаг бол ийнхүү “Мандал Голомт” ХХК, Есөнбулаг сумын ЗДТГ-ын хамтын ажиллагааны хүрээнд “Хөв булаг”-ийн уурхайн нүүрс иргэдэд  60-80 мянган төгрөгөөр хямд хүрч байгаа юм. 

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн нутагт үйл ажиллагаагаа явуулдаг “Хөв булаг”-ийн нүүрсний уурхай нь аймгийн төв болон өөрийн аймгийн сумд, хил залгаа Завхан аймгийн Отгон, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Баянхонгорын Баянбулаг сумыг нүүрсээр хангадаг.  Уг уурхайн нүүрс нь шаталт сайтай, утаа тортог багатай, илчлэг нь 4800-6800 ккал/кг тул ахуйн хэрэглээнд нэн тохиромжтой байдаг тухай мэргэжлийн хүмүүс хэлдэг. 

“Мандал Алтай” группийн Хөв булгийн нүүрсний уурхайн Гүйцэтгэх захирал Н.Ганбаатар: “Энэ жилийн тухайд бид 308 мянган куб хөрс хуулалт хийж нүүрсээ олборлож байна. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ өвлөөс эхлэн аймгийнхаа төвийн ард иргэдийн амьдралд бодитой дэмжлэг үзүүлэх зорилгоор хямд нүүрсээр хангаж байгаа. Цаашид энэ цэгээр тогтмол нүүрсээ борлуулна. Энэ жил хөрш зэргэлдээ аймгуудад 1587.6 тонн, аймгийн төвийн борлуулах цэгүүдээр 177.8 тонн нүүрс борлуулаад байна” гэв. 

Хөнгөлөлттэй үнээр нүүрс борлуулж буй цэгүүдийн үйл ажиллагаатай Есөнбулаг сумын ИТХ-ын дарга П.Золжаргал, сумын Засаг дарга Д.Чинзориг болон холбогдох албаны төлөөллүүд нүүрсний борлуулалт хэрхэн явагдаж байгаатай хэд хэдэн удаа газар дээр нь очиж танилцсан юм.

Мөн үеэр иргэд Алтай хотод нүүрсний үнийн хөөрөгдөл үүсгэхгүй, түлээ, нүүрсний хомсдолд орохоос сэргийлж цагаа олсон чухал ажил болсон тухай сэтгэгдлээ илэрхийлж байв. Хөнгөлөлттэй үнээр нүүрс борлуулж буй цэгүүдээс нүүрс авч буй иргэдийн сэтгэгдлийг сонслоо. 

Баянхайрхан багийн иргэн Б: “Гэр хорооллын иргэдэд илүү ойроос хямд үнэтэй нүүрс худалдан авах боломжийг бүрдүүлсэнд баяртай байна. Цар тахал гээд өрхийн орлого буурсан энэ үед зах зээлийн ханшнаас хямд нүүрсээр иргэдийн хангаж байгаа нь гэр хорооллын өрхийн эдийн засагт их нэмэр болж байгаа. Өмнө нь 2 шуудай нүүрсийг 20-25 мянган төгрөгөөр авдаг байсан бол одоо 12-15 мянган төгрөгөөр авч байна. Энэ ажлыг зохион байгуулж байгаа “Мандал Голомт” ХХК-ийн хамт олонд баярлалаа”.

Харзат багийн иргэн С: “Жил бүр ченжүүдээс 1 тонн нүүрсийг 200 мянгад авдаг байсан. Энэ өвөл Мандалын нүүрсний цэгээс хямд нүүрс авч өвөлжлөө. Тэтгэврээс өөр орлогогүй ахмадуудын амьдралд дэм болж байгаад баяртай байна. Зүгээр мөнгө тараахаас илүү тогтмол хямд нүүрс авч хэрэглэнэ гэдэг ёстой цагаа олсон зөв шийдвэр. Нүүрсний чанарын тухайд Хөв булгийн нүүрс шаталт сайтай, илчтэй нь ярих юмгүй. Харин бага зэрэг чулуутай нүүрс байгаад байна. Цаашид чулууг нь сайн ялгавал сайн байна” гэлээ.


Холбоотой мэдээ