БНХАУ, Монгол Улс парламентын харилцаагаа бэхжүүлэхээр тохиролцов

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-04-01 13:51:19

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ Байнгын хорооны дарга Ли Жаньшу Монгол Улсын Их Хурлын /УИХ/ дарга Г.Занданшатартай лхагва гарагт цахимаар уулзаж, хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцлоо.


COVID-19” цар тахал дэгдсэн энэ цаг үед Хятад, Монгол харилцан бие биеэ ойлгож, тусалж дэмжсэнээр цар тахлын эсрэг тэмцэлд хөрш орнуудын хамтын ажиллагааны жишгийг бий болгосон нь хүн төрөлхтний хамтын ирээдүйн зарчмыг харуулсан явдал боллоо гэж Ли Жаньшу мэдэгджээ.


Хятад, Монгол цар тахлын дараах эринд ч улс төрийн харилцан итгэлцлээ үргэлжлүүлэн бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, Хятадын “Бүс ба Зам” санаачилга, Монголын “Талын зам” хөгжлийн стратегийг уялдуулах үйл явцыг эрчимжүүлж, хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх хэрэгтэй гэж тэрбээр нэмж хэлэв.


Мөн хоёр орны хууль тогтоох байгууллагууд найрсаг харилцан солилцоогоо бэхжүүлж, өндөр түвшний айлчлалыг үргэлжлүүлж, хоёр талын харилцааг сайжруулахад ач холбогдолтой баримт бичгүүдийг цаг алдалгүй баталж, шинэчилж, эдийн засгаа хөгжүүлэх, ард иргэдийн амьжиргааг сайжруулах, тогтвортой байдлыг хадгалах туршлагаа хуваалцах ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэйг цохон тэмдэглэжээ.


УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд, УИХ БХАТИХ-тай туршлага солилцох арга хэмжээг тогтмолжуулж, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх чиглэлд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгааг илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ