Японд ховор металлуудыг дахин боловсруулахыг зорьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-03-29 17:09:10

ТОКИО. /Kyodo/. Японд цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхэд дотоод, гадаадаас нийлүүлэн авдаг ховор металлуудын хэрэглээ өсөх төлөвтэй байгаатай холбогдуулан Аж үйлдвэрийн яам ийм материалуудыг дахин боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна гэж тус яамны эх сурвалжууд өнөөдөр мэдээлжээ. 


Энэхүү төлөвлөгөө нь ховор металлуудын нийлүүлэлт гадаадын орнуудаас ихээхэн хамааралтай байгааг ч мөн бууруулах зорилготой ажээ. Тухайлбал, Японы газрын ховор элементүүдийн импортын 60 гаруй хувь нь Хятадаас хамааралтай байдаг юм.


Нүүрсхүчлийн хийн ялгарлаа бууруулахын төлөөх дэлхий дахины хүчин чармайлт нь сэргээгдэх эрчим хүч, цэнэг хураагуурын үйлдвэрлэлд шаардлагатай материалуудыг олж авах өрсөлдөөнийг улам эрчимжүүлэх төлөвтэй байгаа үед Аж үйлдвэрийн яам ийнхүү төлөвлөж байна. 


"Японд ховор металлуудыг дахин боловсруулах технологи туршилтын шатандаа явж буй тул Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам уг технологийг практикт нэвтрүүлэхэд шаардагдах зардалд татаас олгох зэргээр бусад дэмжлэгийг үзүүлэхээр төлөвлөж байна” гэж эх сурвалжууд мэдээлжээ. Мөн тус яам дахин боловсруулсан металлуудыг экспортлохыг эрмэлзэж байгаа ажээ.


Аж үйлдвэрийн яамны тооцоолж буйгаар, нэг сая цахилгаан тээврийн хэрэгслийг үйлдвэрлэхэд Японд одоогоор хэрэглэж буйтай тэнцэх хэмжээний ховор металлууд шаардлагатай байна. Тухайлбал, автомашины цэнэг хураагуурт л гэхэд кобальт, лити зэрэг ховор металлуудыг ашигладаг юм.


Мөн тус яам цахилгааны утас гэх зэрэгт өргөнөөр ашигладаг зэсийг дахин боловсруулах алхмуудыг хэрэгжүүлж, салхины эрчим хүчийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой хөдөлгүүр, цахилгааны утас, трансформаторт хэрэглэх зэсийг тогтвортой нийлүүлэх боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа ажээ.


Япон улс нь 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа тэглэх зорилтдоо хүрэхийн тулд салхины эрчим хүчийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч байгаа юм. 

Холбоотой мэдээ