Сэлэнгэ сумын 15 иргэний шинжилгээг БОЭТ-д илгээсэн

ОРОН НУТАГТ | Булган
batjargal@montsame.mn
2021-03-27 14:25:37

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комисс коронавирусний нөхцөл байдалтай холбоотойгоор шуурхай хуралдлаа. Энэ талаар аймгийн Онцгой комисс, Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

Аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж:

- Манай аймгийн хувьд хөрш аймгуудад коронавирусний халдвар тархсан, улаан түвшинд шилжсэн нөхцөлийн дунд байна. Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Тэшиг сумаар Орхон аймгийн батлагдсан тохиолдлын ойрын хавтал болох иргэн дайран өнгөрсөн учир урьдчилан сэргийлэх арга хэмжээг сум орон нутаг аваад байна.

           Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, нарийвчилсан шилжилгээ хийлгэхээр Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд явууллаа. Тухайн сумдад хариу арга хэмжээний баг томилон ажиллуулж байна.

Өнөөдөр Сэлэнгэ суманд хариу арга хэмжээний нэг баг ажиллаж байна. Тус сумын байшин, барилгад халдваргүйтгэл хийх, ойрын болон дам хавьтал тодорхойлох, шинжилгээ авах зэрэг нарийвчилсан ажил хийж байна. Сэлэнгэ суманд орох гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоогоод байна.

Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа:

- Өнөөдөр Сэлэнгэ суманд коронавирусний халдвар гарлаа гэсэн мэдээлэлд тайлбар өгье. Вирусний халдвар гарлаа гэхэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авдаг. Тэр үед шинжилгээ эерэг гарах тохиолдол бий. 4-р сарын нэгэн хүртэл томуугийн идэвхжлийн үе байдаг. Дээр нь тухайн хүний биеийн дархлаа муудсан, ядарсан нөхцөлд эерэг гарах тохиолдол байдаг. Эхний удаа эерэг гарвал дахин шалгана. Дараа нь PСR буюу нарийвчилсан шинжилгээнд явуулдаг. Тус суманд ямар нэгэн байдлаар ойрын хавьтал болсон иргэдээс асуумж судалгаа, шинжилгээ авсан. Тус сумын 15 хүний шинжилгээг Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн лабораторид явуулсан. Шинжилгээний  хариу гараагүй байна. Хэрвээ PСR шинжилгээгээр тухайн иргэдийн шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд онош батлагдлаа гэж албан ёсоор зарлана гэлээ.

Холбоотой мэдээ