Улиастайд томилолтоор ажилласан иргэдийн шинжилгээ эерэг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-03-25 21:33:36

Завхан/МОНЦАМЭ/. Улиастай суманд Улаанбаатар хотоос томилолтоор ажилласан таван иргэнээс гурван хүний PCR шинжилгээний хариу эeрэг гарч, коронавирусний халдвартай нь батлагдлаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Улиастай суманд томилолтоор ажилласан эдгээр халдвартай иргэдийн ойрын хавьтлын 20 иргэнийг 3 дугаар сарын 24-ний өдөр тусгаарлах байранд оруулж, хамгаалалтад авсан. Харин дам хавьтлын 80 гаруй иргэнийг гэрт нь тусгаарлаж хяналт тавин ажиллаж байна. Коронавирусний илрэх нууц үеийн хугацаа дуусмагц буюу 3-р сарын 29-ний өдөр ойрын хавьтлын иргэдээс шинжилгээ авахаар төлөвлөөд байна. Тиймээс иргэд та бүхэн тайван байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлаарай” гэв.

Ташрамд дээрх иргэд нь Биеийн тамир спортын Улсын хорооноос томилолтоор Улаанбаатар хотоос Баянхонгор аймгаар дамжиж гуравдугаар сарын 23-ны өдөр Улиастай суманд ирсэн ажээ. Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан учраас дээрх иргэдийн хавьтлыг тогтоох зорилгоор Улиастай суманд гуравдугаар сарын 24-ний өдрийн 14.00 цагаас эхлэн хөл хорио тогтоож, орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байсан. Өнөөдрийн байдлаар Улиастай сумын сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоосон хэвээр байна.

Ургамал сум хөл хориогоо цуцлав

Ургамал сумын иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Тус суманд тогтоогоод байсан хөл хориог цуцалж, эмнэлэгт тусгаарласан иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлсэн байна. Сумын Эрүүл мэндийн төвийг ариутган халдваргүйжүүлжээ. Тус сумын ЗДТГ, Шуурхай штаб сумандаа улаан бүсээс ирж байгаа иргэн бүрийг түргэвчилсэн тестээр шинжилгээ авч нэвтрүүлж байгаа бөгөөд сэжигтэй тохиолдол гарахад шуурхай, арга хэмжээ авч, сум доторх хөдөлгөөнийг зогсоон, хяналт тавьж ажилласан гэж Ургамал сумын Шуурхай штабаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ