Могод суманд хөдөлгөөн хязгаарласан хэвээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-03-24 13:00:34

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Могод суманд коронавирусний халдвартай иргэн Улаанбаатар хотоос ирээд буцсан. Тухайн иргэнтэй харьцсан хүмүүсийг тусгаарлаад байна. Энэ талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяагаас тодруулахад:

- Могод суманд Засгийн газрын болон аймгийн Засаг даргын шийдвэрийг зөрчиж, хурдан морины уралдаан зохион байгуулсан. Энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа. Эрүүл мэндийн байгууллагын хувьд хариу арга хэмжээний баг тухайн өдрийн шөнө шуурхай ажилласан. Энэ сарын 22-нд шуурхай арга хэмжээний нэгдүгээр баг ажиллалаа. Өчигдөр би өөрийн биеэр мэргэжилтнүүдтэй ажиллаад ирлээ. Могод суманд гамшгаас хамгаалах хуулийг хэрэгжүүлж, бэлэн байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна.

Морины уралдаанд оролцсон буюу ойрын хавьтал гэж үзэхээр 77 хүнийг илрүүлсэн. Тэдгээр хүмүүсээс эрүүл мэндийн байгууллага тандалт судалгаа авсан. Могод сумын Засаг даргын захирамжаар суманд хөдөлгөөнийг бүрэн хорьсон байгаа. Сумыг тойрсон хяналтын зургаан цэг ажиллуулж байна. Коронавирусний халдвартай иргэний ойрын хавьтал гурван хүнийг тусгаарлан ажиглах байранд авсан. Энд мэргэжлийн байгууллага хяналт тавьж байна.

Сумын Онцгой комисс, Эрүүл мэндийн төвийн эмч нар гэрийн тусгаарлалтад байгаа иргэдээс өдөрт хоёр удаа асуумж авч байгаа. Мэргэжлийн байгууллагын зүгээс тархвар зүйн хандалт, асуумж судалгаа авсан. Одоогийн байдлаар клиник, эмнэл зүйн байдлын хувьд ноцтой зүйл илрээгүй байна гэлээ.

Холбоотой мэдээ