Сансрын хамтарсан нислэгээр 36 туршилт судалгаа явуулж байжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-03-21 12:43:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Одоогоос 40 жилийн өмнө ЗХУ, БНМАУ-ын хамтарсан сансрын нислэгийн үеэр сансрын нисэгч Ж.Гүррагчаа, В.Жанибеков нар сансраас зураг авч Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмжиж байжээ. 

Тэр үед нийслэл хотын агаар их цэвэрхэн байсан гэж Монгол Улсын сансрын анхны нисэгч Ж.Гүррагчаа ШУА-д болсон "Сансар судлал ба сансрын технологи" эрдэм шинжилгээний хурлын үеэр хэлж байв. Хамтарсан нислэгийн үеэр эмнэлэг, биологи,  физик технологи, зайнаас тандан судлах гэсэн үндсэн 3 чиглэлээр 25 нэр бүхий, 36 эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийжээ. Үүний 3 дахь хэсэг болох зайнаас тандан судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмжиж байв.


Энэ талаар ЗХУ, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа хэлэхдээ, “Манай сансрын хөлгийн бүхээгт “Спектр-15” гэсэн багаж байсан. Тэр багажийн тусламжтайгаар тодорхой газар орны, газар нутгийн агаарын бохирдлыг хэмжиж болдог байсан. Энэ багажийн тусламжтайгаар бид нислэгийн үеэр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмжсэн бөгөөд энэ нь шөнө болсон үйл явдал юм. Тиймээс нэмэгдэл арга хэмжээ авч, дан ялангуяа хотыг дээш нь нэлээн гэрэлтүүлж, гэрэлтүүлгийг нэмж өгөх шаардлага гарч байсан. 



ЗХУ, БНМАУ-ын хамтарсан сансрын нислэгээр манай улсын нисэгч задгай сансарт багаж хэрэгслээ ажиллуулсан дэлхийн 5 дахь орон болж сансрын түүхэнд тэмдэглэгджээ. 



Тиймээс энэ зориулалтаар тэр үед манай армийн аппарат хэрэгслийг дайчлан ажиллуулж байв. Мөн тухайн үед манай улсад байрлаж байсан ЗХУ-ын цэргийн гэрэлтүүлгийн хэрэгслийг ашиглаж Улаанбаатар хотын гэрлийг нэмж, дээрээс нь бид зураг авч, хэмжих туршилтыг хийсэн юм. Энэ үйл ажиллагаагаар бид 3 дугаар сарын 26-ныг Монгол Улсын өдөр хэмээн сансрын хөлөгтөө тэмдэглэл хөтөлж газар руу нэвтрүүлж байв” хэмээн дурсан ярьж байна. Тэрээр, агаарын бохирдлын хэмжээг гаргахад 1981 онд чинь манай Улаанбаатар хот маш цэвэрхэн байсан гэв. 

Ташрамд дурдахад, “Союз-39” хөлгийн ЗХУ, БНМАУ-ын сансрын анхны хамтарсан нислэгээр манай улс задгай сансарт багаж хэрэгслээ ажиллуулсан дэлхийн 5 дахь орон болж сансрын түүхэнд тэмдэглэгдсэн байна. 


Гэрэл зургуудыг Т.Чимгээ. Б.Чадраабал


Холбоотой мэдээ