Залуу судлаачдыг чадавхжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-06-13 15:38:25

БСШУЯ, Монгол Улсын ШУА хамтран 6 дахь жилдээ шинжлэх ухааны салбарын залуу судлаачдыг дэмжин ажиллах хүрээнд “Боловсон хүчнээ чадваржуулъя” сэдэвт сургалт семинарыг  энэ сарын 14, 15-нд зохион байгуулна.

Энэ удаагийн сургалт нь “Springer Nature, Research 4 life” мэдээллийн санг ашиглах санаачилга арга зүйн семинар, “Судалгааны үр дүнг мэдээлэх, хэвлүүлэх” сэдэвт мэргэшүүлэх чиглэлээр 2 өдөр үргэлжлэх юм.

Сургалтад ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд, төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд, Монголын Үндэсний музей, Монголын залуу эрдэмтдийн холбоо зэрэг байгууллагын 250 гаруй эрдэмтэн судлаачид оролцоно.

БСШУЯ, ШУА-ийн хамтын санаачилгаар “Springer Nature”-тай 2016-2021 он хүртэл 5 жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулж, 11 салбарын 1821 эрдэм шинжилгээний сэтгүүл болон 580 орчим нээлттэй сэтгүүлийг ШУА, МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, МУБИС-ийн эрдэмтэн судлаачид, багш, оюутнууд ашиглах боломжтой болсон билээ.

“Springer Nature” нь дэлхийн тэргүүлэх эрдэм шинжилгээ, боловсрол салбарт хүлээн зөвшөөрөгдсөн чанартай төрөл бүрийн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээтэй итгэмжлэгдсэн брэнд бүхий асар том мэдээлэлтэй мэргэжлийн хэвлэлийн газар юм.

 Түүнчлэн БСШУЯ-ны санхүүжилтээр 2016-2017 онд 2 жилийн хугацаатай хөгжиж буй орнуудад зориулсан Research4life олон улсын санаачилгын HINARI, AGORA, OARE болон ARDI хөтөлбөрөөр дамжуулан 185 хэвлэн нийтлэгчдийн 69 мянга гаруй судалгааны материалуудыг ашиглах боломжийг дээрх сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудад бүрдүүлэн өгч байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ