Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд Өдөр өнжүүлэх төвтэй болов

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2015-09-29 17:05:17

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд нэгдэж байгуулсан “Гэгээлэн” Өдөр өнжүүлэх төв өнөөдөр үүдээ нээлээ.

Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх, нийгэмшүүлэхээс гадна эцэг, эхчүүд хүүхэдтэй хамт байхын зэрэгцээ гар урлал, бэлэг дурсгалын зүйлс хийх, хөдөлмөр эрхлэх боломжоор хангах юм.

“Гэгээлэн” ТББ-ын зохицуулагч Ё.Одгэрэл, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй айлын гэр бүлийн нэг нь гэртээ заавал хүүхдээ харах хэрэгтэй болдог. Манай гэр бүл ч гэсэн тийм нөхцөлд байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бусадтай харилцуулахгүй, нийгэмшүүлэхгүй бол маш хурдан ганцаардмал байдалд ордог. Тиймээс хүүхдүүдээ хөгжүүлэхийн төлөө  нэгдэн, өдөр өнжүүлэх төвтэй болохоор зорьсон. Өнөөдөр албан ёсоор нээж, гэртээ суухын оронд эцэг, эхчүүд хүүхдүүд бие биеэсээ суралцаж, нэг хамт олон болж байгаадаа баяртай байна. Миний хувьд хүүхдээ нийгэмшүүлэхийг байнга хичээдэг. Хүчин зүтгэлийн үр дүнд хүүхэд маань тусгай сургуулиас жирийн сургуульд шилжсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүддээ "Хүүхдээ битгий ганцаардуулж гэрт нь байлгаарай, өвчнийг нь эрт оношлуулж, олон нийттэй байнга харилцуулж, дэмжвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эрүүл хүүхэдтэй харьцуулахад бие даах чадвараараа илүү байдаг юм шүү" гэж хэлмээр байна” гэсэн юм.

Тус Өдөр өнжүүлэх төвд Чингэлтэй дүүргийн 16, 17 дугаар хорооны хүүхдүүд хамрах аж. Төвийн байрыг дүүргийн ЗДТГ-аас гаргаж өгчээ. Мөн төрийн бус байгууллагууд, хувь хүмүүс тусалсан гэдгийг “Гэгээлэн” ТББ-ын тэргүүн Н.Цэрэннадмид хэлж байв.

Ж.Болор

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд