Иргэд гэрийн тусгаарлалтын журмыг чанд мөрдөхгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Улаанбаатар хотод халдварын голомтууд олноор гарч, эрсдэл маш өндөр болсон тул
Завхан аймаг гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл буюу гамшгаас хамгаалах
өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт
тавихаар боллоо.
Ялангуяа Завхан аймаг руу орох тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хатуу хяналт тавьж, хязгаарлалт тогтоож ажиллана. Зөвхөн хүнс, шатахуун тээвэр, буяны ажлаар иргэдийг нэвтрүүлэхээр шийдвэрлэлээ. Учир нь тус аймгийн Шилүүстэй суманд халдвартай иргэдийн тоо нэмэгдсэн. Монгол Улсын Засгийн газрын 54 дүгээр тогтоолоор Шилүүстэй сум улаан түвшин, Завхан аймаг шар түвшний зэрэглэлд шилжсэн байгаа. Халдвартай иргэдийг Шилүүстэй сумаас аймгийн төв рүү шилжүүлбэл Улиастай сум улаан зэрэглэлд шилжинэ.
2021 оны гуравдугаар сарын 1-12-ны өдрүүдэд
Улаанбаатар хотоос нийт 1500 гаруй иргэн Завхан аймагт ирсэн боловч гэрийн
тусгаарлалтын журмыг чанд мөрдөхгүй байна. Улаанбаатар хотоос ирж буй иргэд
бусад аймгаар дамжин худал мэдээллээр ирсэн зэрэг нь Завхан аймагт халдвар
гарах, тархах маш өндөр эрсдэлийг бий болгож байна. Тиймээс гуравдугаар сарын
31-ний өдөр хүртэл тус аймаг руу орох, гарах хөдөлгөөнд хатуу хяналт тавьж
ажиллахыг аймгийн Онцгой комиссын ээлжит хурлаар холбогдох байгууллагуудад онцгойлон
анхааруулсан. Өвс тэжээлийн тээвэр нэвтрэхгүй, эм, эмнэлгийн хэрэгслийг зөвхөн
аймгийн Эрүүл мэндийн газрын зөвшөөрөлтэйгөөр нэвтрүүлнэ гэж аймгийн Шуурхай
штабаас мэдээлэв.