Шилмэл үүлдрийн мал өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд Сартуул
үүлдрийн хонь 694,3 мянга, Завхан буурал үүлдрийн ямаа 471,3 мянга тус тус
тооллогод хамрагдсан байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
-“Харин Тэс үүлдрийн адуу гэхэд 27,6 мянга
тоологдсон байна. Шилмэл үүлдрийг цөм сүрэг хэлбэрээр өсгөн үржүүлэх
тал дээр аймгийн мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байна. Тиймдээ
ч сүүлийн хэдэн жил цөм сүргийн тоо толгой өсөж буй. Өнөөдөр сартуул үүлдрийн хонийг Эрдэнэхайрхан, Алдархаан суманд үржүүлдэг. Сартуул үүлдрийн хонь
ихэвчлэн хар толгойтой, хар бор, халзан хар нүдэн, их бие нь цагаан зүстэй, цовоо сэргэлэн, хурдан
хөдөлгөөнтэй, толгой хөнгөвтөр, тэгш шулуун хамартай. Хоёр чих нь хагас
сөхөөстэй, нуруу хондлой тэгш өндөртэй, хавирганы матаас сайн, цээж өргөн, гүн,
бөөрөнхийдүү хэлбэртэй, хөлийн тавилт тэгш богиновтор, шилбээрээ
нарийвтар, бат бэх туурайтай, их төлөв чийрэг биетэй байдаг.
Ашиг шимийн
тухайд сартуул үүлдрийн хонь нь мах, бүдүүвтэр ноосны чиглэлийн ашиг шимтэй.
Амьдын жин хуцынх 68 кг, эм хонь 45,0 кг, охин төлөг 38 кг, хурганы
төрөх үеийн жин 3.5 кг, зургаан сартайд 28 кг жинд хүрдэг. Үржлийн хуцын
ноосны гарц дунджаар 2.6 кг, эм хонь 1.9 кг, охин төлөг 1.6 кг, эр төлөг 1.8 кг
байна. Сартуул үүлдрийн хонийг аймгийн 14 суманд хээлтүүлэгчээр авч малынхаа
ашиг шимийг сайжруулж байгаа”.
Буурал ямааны үүлдэр нь
ноолуурын гарц сайтай байдаг
Буурал ямааны үүлдэр
омгийн малын удмын санг хамгаалахын тулд цөм сүрэг хэлбэрээр үржүүлж
байна.
Өнөөдрийн байдлаар Завханы Дөрвөлжин, Алдархаан, Ургамал, Завханмандал, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Цэцэн-Уул суманд ийм үүлдрийн 410.000 ямааг ноолуур, махны чиглэлээр үржүүлж байгаа аж. Түүний дотор цөм сүргийн ямаа нь 173.000, цөмийн цөм болсон 84.000 ямаа Дөрвөлжин суманд байгаагаас 50.000 орчим нь үржлийнх юм байна. Буурал ямааны ноолуурын урт 5.6-6.8 см, ноолуурын голч 13.7-14.2 миллмикрон нарийн ноолууртай байдаг. Ноолуурын гарцын хувьд бусад ямаанаас дунджаар 69-110 граммаар илүү юм.
Тиймээс энэ үүлдрийн ямааны зөвхөн ноолуураас жилд 3.4 тэрбум төгрөгийн нэмэлт орлогыг малчид олдог байна. Мөн махны чиглэлийн “Завхан-Буурал” үүлдэр нь бусад ямаанаас 3-8 кг-аар илүү жинтэй аж. Нийт 10.000 орчим хээлтүүлэгч мал бойжуулснаас 6000-ыг нь 11 аймгийн 60 гаруй сумынхан ямааны үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулахаар авчээ. Мөн амьдрах чадвар, тэсвэр хатуужил сайтай, нарийн ноолууртай зэрэг давуу талыг нь харж Кыргыз улс худалдан аваад зургаан жил болж байгаа хэмээн Завханы Цөм сүргийн үржлийн төвөөс мэдээлэв.
Тэс үүлдрийн адууны нутаг бол Тэсийн голын ай сав
Завхан аймагт буй шилмэл үүлдрийн нэг бол Тэс үүлдрийн адуу юм.
Тэс үүлдрийн адуу өнгөрсөн жил
шинэ үүлдрээр батлагдсан. Өнгөрсөн жил 27,6 мянга тооллогод хамрагдсан байна. Монгол
орны баруун хойт хэсэг Тэсийн голын сав газраар буюу Увс аймгийн Тэс, Зүүнговь,
Баруунтуруун, Завхан аймгийн Баянтэс суманд Тэс үүлдрийн адууны цөм сүргийг үржүүлж
байна. Увс, Хөвсгөл, Ховд аймгийн хил залгаа сумдад сайжруулагчаар ашиглаж
байна. Тус адуу нь ардын селекцийн үр дүнд бий болсон адуун сүрэгт шилэн
сонголт, тохируулан сонголт хийж, удам дагуулан үржүүлж бий болгосон. 1960
оноос үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж эхэлснээр дараах
генолог удам бий болжээ. Ашиг
шимийн үндсэн чиглэл нь уналга, эдэлгээ, хурдны. Тэс үүлдрийн адууны онцлог нь Тэсийн
голын сав газрын байгаль орчны нөхцөлд тухайлбал өвөл цас их унадаг. -50 хэм
хүртэл хүйтэрдэг, зун нь халуун, элсэрхэг зөөлөн хөрстэй нутагт сайн зохицсон
байдаг. Бие томтой, том далбагар туурайтай. Тэс адуу нь уналга-мах, мах-уналгын
хэвшилтэй. Үндсэн зүс нь улаан хээр, хээр, бор, хул, зээрд юм. Өнөөдрийн байдлаар
тус үүлдрийн адууг ихэвчлэн уналга, хурдны чиглэлээр өсгөн үржүүлж буй гэж
аймгийн ХХААГ-аас мэдээлэв.