Суманд хатуу хөл хорио тогтоож, айл өрх бүрт ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-03-10 13:11:35

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Шилүүстэй суманд энэ сарын 9-нд коронавирусний халдвартай иргэний ойрын хавьтлуудаас хоёр дахь шинжилгээгээр хоёр тохиолдол нэмж бүртгэгдээд байгаа. Тиймээс тус суманд нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг сумын Шуурхай штабаас тодрууллаа.


-Өчигдөр нийт хэчнээн иргэнээс шинжилгээ авсан бэ?

-Энэ сарын 9-нд коронавирусний халдвартай иргэний нэг, хоёрдугаар хавьтлууд буюу 52 хүний сорьцоос хоёр дахь удаагаа шинжилгээ авч Ховд аймгийн лабораторид илгээсэн. Ингээд 50 иргэнийх нь шинжилгээний хариу сөрөг гарсан бол өмнө батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хоёр иргэнээс коронавирусний халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол дөрөв боллоо. Сумын Онцгой комисс өөрийн бүхий л боломжийг ашиглан аймгийн мэргэжлийн баг, ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын мэргэжлийн заавар зөвлөмжийн дагуу ажиллаж байна. Мөн аймгийн Онцгой комисстой байнгын холбоотой ажиллаж, нөхцөл байдлыг цаг алдалгүй танилцуулж холбогдох арга хэмжээг авч байна.

-Суманд бүх нийтийн бэлэн байдал зарласан байгаа. Ямар зохицуулалтууд хийж байгаа вэ?

-Сумын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Засаг даргын захирамжаар суманд бүх нийтийн бэлэн байдлыг гуравдугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд зарлаад байгаа. Халдварын нөхцөл байдлаас шалтгаалж хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ. Мэргэжлийн байгууллага, мэргэжилтний дүгнэлтээр халдварын голомтыг бүрэн хяналтад авсан гэж үзэж байгаа. Гэхдээ бид илүү сонор сэрэмжтэй байх шаардлагатай байна. Бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотой иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хүнсний наад захын хэрэгцээг хангах, хаваржилтын хүндрэлийг багасгах зорилгоор хэд хэдэн шийдвэрүүдийг мэргэжлийн байгууллагуудын зөвлөснөөр гаргаад байна. Мөн иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан хэд хэдэн шийдвэрийг гаргасан. Тухайлбал ундны усны тухайд гэхэд сумын төвийн дээд худгийн ажиллах цагийн хуваарийг уртасган, өдөрт хоёр удаа түгээх шийдвэр гаргаж иргэдэд ундны усыг үнэгүй олгож байна. Гэрийн тусгаарлалтад байгаа айл өрх болон эмнэлэг, цэцэрлэг зэрэг албан газарт хэрэглээний усыг тусгай машинаар зөөвөрлөн хүргэж байна.

-Хүнс, эм хангамжийн тухайд хэр зэрэг нөөцтэй байгаа вэ?

-Сумын хүнс, эм хангамжийн нөөцийн судалгааг гаргаж, Улаанбаатар хот болон аймгийн төвөөс татан авах ажлыг зохион байгуулахаар худалдаа эрхлэгч нартай ярилцаж байна. Гэрийн тусгаарлалтад байгаа айл өрхөд хоёр удаа хүргэлтийн ажил зохион байгуулсан. Сумын нийт иргэдийн хүнс, эм хангамжийн наад захын хэрэгцээг нэг удаа захиалга аван хүргэх ажлыг Багийн засаг дарга нараар дамжуулан зохион байгуулж байна. Иргэд багийн Засаг даргын утас руу залгаад ямар дэлгүүрээс юу авахаа захиална. Захиалгыг дэлгүүр бэлэн болгосны дараа ЗДТГ-ын албан хаагчид хүргэлт хийж байна. Өнөөдрийн байдлаар сумын Эрүүл мэндийн төвийг батлагдсан тохиолдлыг эмчлэх тусгай объект болгон ашиглаж байгаатай холбогдуулан сургуулийн хичээлийн байрыг эмнэлэг болгон дэлгэсэн ба эргэлтийн эмийн санг мөн ажиллуулж байна. Эмнэлгийн үйлчилгээ авах иргэд эмч нартайгаа холбогдоод зайлшгүй тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг авч байна. Ариутгал халдваргүйжүүлэлтийн тухайд сумын Мал эмнэлгийн нэгж, аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжилтнүүд өрх айл, аж ахуйн нэгж, байгууллагыг ээлж дараатай халдваргүйжүүлэлт хийж ариутгаж байна. Мөн дахин ариутгал хийлгэх айл өрх иргэд байвал сумын ХАА-н тасгийн мэргэжилтэнтэй холбогдож захиалга өгч болно.

-Хатуу хөл хорионы үеэр иргэдийн хөл хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж байгаа вэ? Ялангуяа малчдын өвс тэжээлийн татан авалт, нүүдэл?

-Өнөөдрийн байдлаар аймгийн Цагдаагийн газар, урд бүсийн цагдаагийн тасаг, аймгийн Онцгой байдлын албан хаагч нар хамтран сумын орох гарах, сум доторх хөдөлгөөн, тусгаарлах байр, халдвартын тасаг зэрэгт 24 цагийн хяналт хийж байна. Мөн гэрийн тусгаарлалтад байгаа айл өрх, иргэдийг төрийн албан хаагчид хариуцан хяналт тавьж байна. Сургуулийн хүүхдийн дотуур байрыг тусгаарлалтын байр болгон ашиглаж байгаа. Гэрийн ажиглалтад байгаа иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахаар төлөвлөж байна. Гэрийн тусгаарлалтын хугацааг 14 хоногоор тогтоосон.

Мал төллөж эхэлж буй энэ үед хөдөөгийн иргэдийн сумын төв рүү орох гарах хөдөлгөөн ихэсдэг. Сумын төвийн болон хөдөөгийн олон айл өрх мал тэжээж байна. Гуравдугаар сарын нэгнээс хойш хатуу хөл хорионд орж малын тэжээл тасарсны зэрэгцээ нүүдэл хийх. Хаваржаалах ажлууд хойшлогдож иргэдэд ихээхэн хүндрэл үүссэн байгаа. Тиймээс сумын Онцгой комисс хуралдаж шатахуун авах маршрутыг хяналттай явуулж байна. Хөдөөгөөс ирсэн иргэдийг шууд шатахуун түгээх станцаас бензинийг нь авахуулаад буцаах, өвс тэжээлийг постын наана, цаанаас дэглэмээ баримтлан өгч авалцаж байхаар шийдвэрлэсэн. Харин сумын төвийн мал бүхий иргэд Багийн засаг дарга нартаа өвс тэжээлийн хэрэгцээний судалгааг нарийн гаргаж нийлүүлэлт хийх ажлыг багийн Засаг дарга нартай хамтран зохион байгуулж байна. Хаваржаандаа буух, нүүдэллэх айл өрхүүд тухайн багийн Засаг дарга нартаа хүсэлтээ өгч нүүдэл хийнэ. Зайлшгүй сум дайран өнгөрч нүүдэллэх бол мөн мэргэжлийн байгууллагуудын хяналт дор нэвтэрч байгаа.

-Суманд батлагдсан тохиолдол гарсантай холбоотой баталгаатай мэдээллээр иргэдийг хангах ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?

-Сумын Онцгой комисс, Шуурхай штаб бодит мэдээллийг цаг тухай бүрд нь иргэдэд хүргэхийг зорьж байгаа. Албан ёсны мэдээллийг орон нутгийн сэтгүүлчид болон Шуурхай штабаар дамжуулан өгч байгаа. Зарим нэг мэдээлэл нь хувь хүний нууц, байгууллагын эрх ашигтай холбоотой учир мэдээллийг боловсруулж байж нийтэд мэдээлж байгаа.

Мөн зарим мэдээлэл тухайн үеийн цагийн байдлаас болж өөрчлөгдөх тохиолдол гарч байгаа юм. Халдварын тохиолдолтой холбоотой зардал нэлээд гарч байгаа бөгөөд эмчилгээний зардал орохгүйгээр 7.0 сая орчим төгрөг зарцуулаад байна. Тиймээс аймгийн Онцгой комисс, аймгийн удирдлагуудаас шаардлагатай хөрөнгө санхүү, багаж, тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн тусламж, хөрөнгийг тухай бүр нь гаргаж байна. Иргэдийн эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа ХӨСҮТ, аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн албан хаагчид, Онцгой байдлын алба хаагчдад болон Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, сумын төрийн албан хаагчдадаа талархаж байгаагаа илэрхийлье. Мөн халдвар хамгааллын дэглэмээ баримтлан сумын Онцгой комиссын шийдвэрийг биелүүлж байгаа иргэддээ талархал илэрхийлье.

Холбоотой мэдээ