БНХАУ-ын сэргэн мандалтад үлэмж хувь нэмэр оруулж буй таван жилийн төлөвлөгөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2021-03-09 16:11:47
@ShoovdorBatbold

Хятадын зүүн хойд нутгийн Ляонин мужийн Шэньян хотын ‘Таван Синшунь” олон улсын шөнийн захын зураг.

2020 оны 6 дугаар сарын 7-нд агаараас авсан зураг. (Синьхуа / Пань Юйлун)


БЭЭЖИН. /Синьхуа/. БНХАУ ирэх таван жилд нийгэм, эдийн засгаа хэрхэн хөгжүүлэх төлөвлөгөө болон 2035 он хүртэлх урт хугацааны зорилтуудаа гаргаж, хөгжлийн шинэ шатанд буюу социалист шинэчлэлд хүрэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэх бодлогуудаа тодорхойллоо. 


Одоо болж буй тус улсын хууль тогтоох дээд байгууллагын жил тутмын ээлжит чуулганаар хянан үзсэн, 2021-2025 онд хэрэгжүүлэх 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөнд нийгэм-эдийн засгийн хөгжлийн томоохон зорилтуудыг тусгасан байна. 

Таван жилийн төлөвлөгөө нь 1950-аад оны үеэс хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус улсыг эдийн засгийн уналт, сэргэлт болоод гадаад орчны өөрчлөлтүүдийн үед удирдан чиглүүлж, улмаар хүчирхэг гүрэн болж, нийгэм, эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр буй механизм билээ.


Өнгөрсөн онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 100 их наяд юанийн (15.4 их наяд ам.доллар) босгыг давж, 101.5986 их наяд юань хүрсэн юм. Энэ нь тус улс анхдугаар таван жилийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, зогсонги байдалтай байсан эдийн засгаа дэлхийн хоёр дахь том эдийн засаг болгоход хүргэсэн гайхамшигт өөрчлөлтийг хийж эхэлсэн 1953 оныхоос даруй 1232 дахин өссөн үзүүлэлт юм.


Сүүлийн жилүүдэд БНХАУ нь таван жилийн төлөвлөгөөнүүдээ жилээс жилд хувьсан өөрчлөгдөж буй улс орныхоо нөхцөл байдалтай уялдуулан гаргасаар байна.


Тус улс 1970-аад оны сүүлчээр өөрчлөлт, шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө таван жилийн төлөвлөгөөгөө гаргахдаа хөдөө аж ахуйд түшиглэсэн улс орноо аж үйлдвэржүүлэхэд голчлон анхаардаг байв.

“Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоотой байх үед таван жилийн төлөвлөгөө нь нийгмийн эмзэг бүлгийн үндсэн хэрэгцээг хангахын тулд хязгаарлагдмал нөөцийн урсгалыг зөв зохистой зарцуулахад чиглэдэг байсан” гэж тус улсын Цинхуа их сургуулийн Орчин цагийн Хятад судлалын сургуулийн дэд захирал Янь Ийлун ярив.

Харин тус улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоо руу аажмаар шилжсэнээр таван жилийн төлөвлөгөөндөө заавал биелүүлэх ёстой норм төлөвлөгөө болон эдийн засгийн хатуу зорилтуудын оронд зах зээл рүү илүү чиглэсэн, уян хатан зорилтуудыг тусгадаг болжээ. 

   

Түүнчлэн таван жилийн төлөвлөгөөг гаргахдаа зөвхөн эдийн засагт төвлөрөхөө больж, энэ улс орныг бүх талаар нь хөгжүүлэхэд тус болох  ач холбогдол бүхий хөгжлийн философи, сэдвүүдээр баяжуулж, байгаль орчин хамгаалах, нийгмийн халамж гэх мэт өргөн цар хүрээг хамарсан салбарт илүү анхаарал хандуулдаг болсон байна. 


Жишээлбэл, 2016-2020 онд хэрэгжүүлсэн 13 дугаар таван жилийн төлөвлөгөөндөө инновац бүхий, салбарууд хоорондын уялдаа холбоог илүү хангасан, ногоон, нээлттэй бөгөөд бүх нийтийн хөгжлийн философийг дэвшүүлснээр улс орныхоо хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтийг илүү тогтвортой зам руу жолоодон чиглүүлсэн юм.



Хятадын баруун хойд нутгийн Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны төв Өрөмч хот дахь ‘Жуолан Интелижент Машинери” компанийн үйлдвэрийн ажилчид. 2020 оны 10 дугаар сарын 22-нд авсан зураг. (Синьхуа / Ван Фэй)


БНХАУ таван жилийн төлөвлөгөөг практикт хэрэгжүүлэхээсээ өмнө доороос дээшээ дэвшүүлсэн санал санаачилгуудыг сонсдог бол төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ дээрээс доошоо буюу дээд шатнаас доод шат руу хандах арга барилыг хэрэглэдэг. 


Таван жилийн төлөвлөгөөг боловсруулахдаа шинжээчид, төрийн албан хаагчид, улс төрийн зөвлөхүүд болон хөндлөнгийн үнэлгээний байгууллагуудын саналуудыг харгалзан үздэг байна.


Тус улс бүх нийтээрээ сэргэн мандах хэтийн төлөвтэйгөө нягт уялдсан, хэрэгжүүлэх боломжтой, урьдчилан таамаглаж болох төлөвлөгөөг боловсруулахдаа ийнхүү хүчин чармайлт гаргадаг аж.


Өмнөх засгийн газрын амлалт, төлөвлөгөөнүүдийг дараагийн засгийн газар нь үргэлжлүүлэн хэрэгжүүлэх магадлал тун бага байдаг Өрнөдийн орнуудын засаг захиргааны бодлогуудаас Хятадын таван жилийн төлөвлөгөөнүүд нь залгамж чанартай, илүү ирээдүйг харсан байдгаараа ялгаатай гэж шинжээчид үзэж байна. 


“Олон улс оронд тухайн улс орон ойрын хэдэн жилдээ хэрхэн хөгжиж өөрчлөгдөхийг тодорхойлоход улс төрчдийн амлалт нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ тэдний хэлсэн амлалт болоод хийсэн ажил хоёр хоорондоо маш зөрүүтэй байдаг” гэж Финландын Аалто-гийн бизнесийн их сургуулийн олон улсын бизнес судлалын профессор Карл Фей хэлэв.


БНХАУ өөрийгөө орчин үеийн социалист улс болгон бүрэн төлөвшүүлэх шинэ аялалд гарч буйтай зэрэгцээд шинэ таван жилийн төлөвлөгөөнд ч мөн шинэ зорилтуудыг тусгасан байна. 


 “Хүний тархитай төстэй оюун ухаан”, “генетикийн технологи” болон “ирээдүйн сүлжээ” гэх мэт хэллэгүүд таван жилийн төлөвлөгөөний төсөлд анх удаагаа дурдагдсан нь БНХАУ шинжлэх ухаан, технологийн салбарт томоохон нээлт хийхээр шийдсэнийг илтгэж байна. 


Үндэсний эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 14 дүгээр таван жилийн төлөвлөгөө (2021-2025) болон 2035 он хүртэлх урт хугацааны зорилтуудын төсөлд дурдсанаар, тус улсын эрдэм шинжилгээ болон хөгжлийн судалгааны ажлын зардал ирэх таван жилийн хугацаанд жил тутам 7 гаруй хувиар өсөх төлөвтэй байна. Үүнээс гадна төлөвлөгөөний төсөлд тусгасан инновацид суурилсан хөгжил, ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, байгаль экологийг хамгаалах зэрэг зорилтууд нь заавал биелүүлэх гэхээсээ илүүтэйгээр хэрэгжүүлэх бүрэн боломжтой "хүлээгдэж буй зорилтууд" гэгдэж байна.


“Хятад улс зорилтуудаа дэвшүүлэхдээ өөрийн боломж бололцоогоо харгалзан үзэхийн зэрэгцээ тодорхойгүй байдлыг даван туулах орон зайг үлдээсэн” гэж тус улсын эдийн засаг төлөвлөлтийн дээд байгууллагын тэргүүн Хэ Лифэн хэлээд “Модноосоо унаагүй тоорыг авахын тулд бид өндөрт үсрэх хэрэгтэй болдог. Үүний нэгэн адил дэвшүүлсэн томоохон зорилтууддаа хүрэхийн тулд бид илүү хүчтэй, илүү өндөрт үсрэх хэрэгтэй” гэлээ.


Холбоотой мэдээ