Зудын нөхцөл байдлын үнэлгээ хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-09 14:21:54

Баянхонгор /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын даргын тушаалаар зудын нөхцөл байдлын үнэлгээ хийх ажлын баг энэ сарын 6-7-ны өдөр Баянхонгор аймагт ажиллалаа.  

ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын багт ХНХЯ, ЭМЯ, ЗТХЯ, ХХААХҮЯ, УЦУОШХ болон НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын төлөөллүүд багтсан байна. Ажлын багийн бүрэлдэхүүн аймгийн өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эмнэлгийн анхны тусламж үйлчилгээ, бэлтгэл бэлэн байдалтай танилцан, үнэлэлт дүгнэлт хийн мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллажээ.

Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь Баянхонгор аймгийн Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал,  цаашид үүсч болзошгүй эрсдэлийн талаар мэдээлэл хийж, долоон чиглэлээр дэмжиж ажиллах тухай саналыг тавьсан байна.  

2020 оны намар уг ажлын баг тус аймагт үнэлгээ хийхдээ "Маш их эрсдэлтэй"  гэж тогтоосон. Тиймээс өвөлжилт хаваржилтыг хохирол багатай даван туулах үүднээс оновчтой олон ажлыг цаг алдалгүй авч хэрэгжүүлсний дүнд өвөлжилт, хаваржилтыг тооцоолсноос эрсдэл багатай даван туулж байна гэж тус ажлын багийнхан дүгнэжээ. Мөн малчдынхаа санхүүгийн олон эрсдэлийг зөвхөн малчдад даатгах биш аймаг орон нутгийн хэмжээнд үүрэлцэж буйг сайшаасан байна.

Зудын нөхцөл байдлын үнэлгээ хийх ажлын баг Баянхонгор болон бусад  аймагт ажиллах үед гаргасан саналуудыг нэгтгэж эрэмбэлэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, зөвлөмждөө  тусган  улсын Онцгой комисст танилцуулснаар дараагийн шийдвэр гарах аж.

Холбоотой мэдээ