Түлэнхийн мэс заслыг ЭМД-ын сангаас 100 хувь санхүүжүүлнэ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-03-05 16:14:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Түлэгдэлтийг эмийн эмчилгээнээс гадна мэс заслын эмчилгээ донор арьс нөхөх мэс засал хийдэг. Өмнө нь донор арьсыг гаднаас өндөр өртгөөр авдаг байсан бол одоо эх орондоо ЭМД-аас хөнгөлүүлж хийлгэх бүрэн боломжтой боллоо.


Эрүүл мэндийн сайд С.Энхболд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй Хүүхдийн түлэнхийн мэс засалд донор арьс нөхөх мэс заслыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлэх “Батламж”-ийг тус төвийн ерөнхий захирал Э.Галбадрахад гардуулав.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 3 дугаар тогтоолоор “Тусламж үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн жагсаалтын журам баталж Хууль зүйн яаманд бүртгэгдэн хэрэгжиж эхэлж байна.

Уг тогтоолд өндөр өртөгтэй түлэнхийн эмчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь төлөхөөр тусгаж өгсөн.

ГССҮТ-ийн сүүлийн 3 жилийн судалгаагаар 5 хүртэлх насны нийт 11 мянган хүүхэд түлэгдэж тусламж үйлчилгээ авчээ. Тэдний 8387 нь ГССҮТ-өөр тусламж үйлчилгээ авсан байна. 2019 онд 1400 хүүхэд хэвтэн эмчлүүлсний 50-60 хувь нь буюу 600 орчим хүүхэд мэс засал хийлгэжээ. 

Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн гол шалтгаанд түлэгдэлт нэн тэргүүнд бичигддэг байна. 



Холбоотой мэдээ