Эрдэнэбүрэнгийн УЦС-ын усан сангийн дагуу аялал жуулчлал, загасны аж ахуй хөгжүүлэх бүс байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-05 14:51:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баруун бүсийн төв Ховд аймагт барих Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн талаар хэлэлцэх гэж байна. Албан мэдээгээр тус УЦС-ын ТЭЗҮ-ийг баталж бэлэн болоод байгаа юм. 


Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл нь баруун бүсийн эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах зорилготой. Мөн импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүчийг дотоодын хямд эрчим хүчээр орлуулан хангах, улмаар баруун бүсийн эрчим хүчний системийн горимын тохируулгын үүрэг гүйцэтгэх зэрэг олон талын ач холбогдолтой, анх төлөвлөснөөр 64.2 МВт-ын хүчин чадал бүхий, (суурилагдсан хүчин чадал 90 МВт) УЦС-ыг барьж байгуулан ашиглалтад оруулах юм. Тус төслийг хэрэгжүүлэх үндэслэлийг ЭХЯ-наас доорх байдлаар гаргажээ. Үүнд:

  • баруун бүсийн 3 аймгийн 264 мянга, 5 аймгийн 390 мянган оршин суугчийг цахилгаан эрчим хүчээр хангах,
  • баруун бүс эрчим хүчний хэрэглээнийхээ 75-78 хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор авч ханган нийлүүлж буй байдлыг өөрчлөх, 
  • импортын эрчим хүч нь Дөргөний УЦС зэрэг дотоодын үйлдвэрлэж буй цахилгаан эрчим хүчнээс 5-6 дахин үнэтэй байгааг нөхөж хямд эх үүсвэрээр хангах, 
  • Мөн баруун бүсийн аймгийн сумдад усалгаатай газар тариаланг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх, 
  • УЦС-ын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт зугаалгын болон загасны аж ахуй хөгжүүлэх бүсийг бий болгоно. Усан санд ихээхэн ус хуримтлагдсанаар орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал бэлчээрт эерэг нөлөө үзүүлнэ.
  • Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд, Буянт сумдад усалгаатай газар тариалан хөгжүүлэх боломж бүрдэнэ.
  • Хүлэмжийн хийг бууруулна. Жилд ойролцоогоор 756,6 мянган тонн нүүрс шатаасантай тэнцэх хэмжээний нүүрсхүчлийн хий /ойролцоогоор 1,3 сая тонн/-н ялгаралтыг бууруулна.
  • Дотогшоо урсгалтай баруун бүсийн усны арвин их нөөцийг ашиглах, 
  • баруун бүсэд ойрын жилүүдэд цементийн, гангийн, нефть, мах, арьс шир боловсруулах үйлдвэрүүд баригдахаар төлөвлөж буй. Мөн хөрөнгө оруулалт хийж ашиглаж буй болон ашиглахаар төлөвлөж байгаа уул уурхайн томоохон ордуудыг цахилгаан эрчим хүчээр хангах юм. 


Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг Ховд хотоос 85 км-т, Эрдэнэбүрэн сумын төвөөс 25 км, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумаас 54 км-ийн зайд орших Ховд голын Шижигтийн хавцалд барих юм. Баруун бүсийн эрчим хүчний татааст улсаас жил бүр 6-8 тэрбум төгрөг төлж байна. УЦС-тай болсноор дээрх татаасыг тэглэх боломжтой гэж салбарын яам үзэж буй. 





Ташрамд мэдээлэхэд, Засгийн газар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих зорилгоор 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэж байсан юм.




Холбоотой мэдээ