Эрчим хүчний хэмнэлтийн бодлогын хэрэгжилтийг хэлэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-03-04 13:09:12

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн эрчим хүчний хэмнэлтийн бодлогын хэрэгжилтийг сонсож, 85,0 хувьтай байна гэж дүгнэлээ. Эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт техник, технологи бүхий техник хэрэгслийн хэрэглээг дэмжиж, улайсах гэрлийн хэрэглээг багасгах, барилга байгууламжийг эрчим хүчний хэмнэлттэй төлөвлөх, хэрэгжилтийг хангуулж, гүйцэтгэлд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд эрчим хүчний хэмнэлттэй технологийг үе шаттайгаар нэвтрүүлэх зэрэг зорилтыг энэ бодлогод дэвшүүлсэн юм.

Аймгийн хэмжээнд шинээр барих, засвар шинэчлэлт хийх барилга, байгууламжийн зургийн даалгаварт эрчим хүч хэмнэх асуудлыг тусгаж автомат удирдлага, тохируулгатай, үечилсэн ажиллагаатай буюу цагийн механизм бүхий эрчим хүчний хэмнэлттэй ухаалаг технологийг ашиглахаар тусгаж байна. 2019 онд 19 барилгын угсралт, засварын ажилд архитектур төлөвлөлт, 46 барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгавар, 2020 онд 25 барилгын угсралт, засварын ажилд архитектур төлөвлөлт, 21 барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаварт тусгай болон онцгой нөхцөл, шаардлага болон ашиглах материалыг эрчим хүчний хэмнэлтийн шийдэлтэй байхаар төлөвлөн боловсруулсан байна. 2018-2020 онд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хүчний хэмнэлттэй LED болон ажлын онцлогоос нь хамааруулан нарны зайн үүсгүүрээр гэрэлтүүлэгч сонгон хэрэгжүүлжээ.

- Улайсах чийдэнг 2022 оноос эхлэн хэрэглээнд ашиглахгүй байхаар төлөвлөсөн. Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн улайсдаг чийдэнг 2018 оноос эхлэн үе шаттайгаар бүрэн солилоо. Байгууллагууд эрчим хүчний хэмнэлттэй лед гэрлийн хэрэглээнд шилжсэн ч айл өрхүүдэд улайсах чийдэнгийн хэрэглээ төдийлөн буурахгүй байна гэж аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Буманбаяр ярилаа.

Холбоотой мэдээ