2017 оны  төсөвт ХБИ-дэд зориулсан хөрөнгө тусгуулах нь зүйтэй гэж үзэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-10 22:56:55

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоо, Дархан-Уул аймгийн Хараагүйчүүдийн салбар зөвлөл хамтран зохион байгуулсан “Зүүн бүсийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоо, хөгжил” сэдэвт чуулга уулзалт Дархан хотод болов.

Уг чуулга уулзалтад Монголын Хараагүйчүйчүүдийн Үндэсний Холбооны ерөнхийлөгч н.Гэрэл, ХАХНХЯ-ны Хөгжлийн Бэрхшээлтэй иргэдийн Хөгжлийн хэлтсийн дарга Д.Батдулам, АШУҮИС-ийн Нүд судлалын профессорын багийн профессор Д.Уранчимэг, Нүд судлалын тэнхимийн багш доктор Б.Өнөдэлэг болон Дархан-Уул аймгийн ЗДТГ, Эүүл мэнд, боловсрол, Нийгмийн халамж, тус аймаг дахь шүүх зэрэг байгууллагуудын удирдлагууд болон Сэлэнгэ, Төв, Булган, Орхон зэрэг 13 аймаг, Улаанбаатар хотын хоёр дүүргийн Хараагүйчүүдийн салбар зөвлөлийн төлөөлөл нийт 60 орчим хүн оролцлоо.

Чуулганаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж гаргасан холбогдох хуулийн хэрэгжилт, ХБИ-ийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид харааны бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдсан асуудлын талаар хэлэлцэв. “Дархан-Уул аймгийн хэмжээнд 500 гаруй харааны бэрхшээлтэй иргэд байдгаас 220 гаруй нь хөдөлмөрийн насныхан, 50 гаруй нь 0-16 насны буюу хүүхдүүд байгаа нь ихээхэн анхаарал татаж байна. Иймд аймаг орон нутгийн зүгээс эдгээр иргэдэд чиглэсэн тууштай бодлогыг хэрэгжүүлэх шаардлага байгаа тул аймгийн удирдлагууд онцгой анхаарал хандуулна гэдэг найдаж байна” гэж МХҮХ-ны Ерөнхийлөгч н.Гэрэл хэлэв. Чуулганд оролцогчид 2017 оны орон нутгийн төсөвт ХБИ-дэд зориулсан тодорхой төсөв суулгуулах нь чухал хэмээн үзэж байв. Тэд чуулганы төгсгөлд дээрх төсөвтэй холбоотой өөр, өөрийн аймгийн ИТХ болон ЗДТГ-т албан хүсэлт гардуулахаар болов.

Мөн үеэр “Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Дархан-Уул, Дорнод, Архангай, Хөвсгөл, Дундговь, Ховд зэрэг зургаан аймагт ХБИ-ийн “Хөгжлийн төв”-ийг 2017 оноос байгуулахаар болсон” тухай Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яамны Хөгжлийн Бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Батдулам мэдээллээ. Тус төв нь тухайн бүсийнхээ нийт иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулна гэдгээр онцлогтой. Тухайлбал: хүүхэд багачууд өөрийгөө хөгжүүлэх дугуйланд хамрагдах, спортоор хичээллэх, аймаг, сумын ӨЭМТ-ийн эмч, сувилагчдийг сургалтад хамруулж иргэдэд дохионы хэл заах зэрэг олон ажил явуулах боломжтой болох аж.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ