Хүүхэд, залуусын нөхөрлөлийг соёлоор бэхжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-20 16:40:32

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. “Бяцхан дипломатуудыг Монголын соёлтой танилцуулах өдөрлөг”-ийг Монголын соёл, мэдээллийн төвд  дөрөв дэх удаагаа зохион байгууллаа.


Соёлын дипломат харилцааны нэг хэсэг болсон энэ үйл ажиллагаа нь хоёр орны хүүхэд, залуусын сэтгэлд нөхөрлөлийн гүүр болж буйгаараа онцлогтой. Өдөрлөг нь Монгол, Хятадын хүүхэд, багачуудын соёлын солилцоог өргөжүүлэх зорилготой бөгөөд хоёр орны ирээдүй болсон залуу үеийг уламжлалт соёлын өвөөр холбож, харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэхэд чиглэжээ.


Өдөрлөгөөр монгол ардын дуу, бүжиг, үндэсний баяр наадам, байгалийн үзэсгэлэнт газар нутгийг танилцуулж, дуу, бүжиг, шүлэг уншиж сонирхууллаа. Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ хоёр орны найрамдлын бэлгэдэл болгож оролцогчдод сертификат гардуулав. 


Монголын соёл, мэдээллийн төв энэ онд хүүхэд, залуусын соёлын солилцоог дэмжих чиглэлээр 25 үйл ажиллагаа зохион байгуулсан нь хоёр орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.


Өдөрлөгийг БНХАУ-ын Сун Чин Лин сангийн Хүүхэд, залуучуудын төвтэй хамтран зохион байгуулжээ.



Холбоотой мэдээ