Үнэлгээний хороо байгуулах хоёр дахь удаагийн шалгаруулалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-03 15:08:38

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг энэ онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 80 гаруй төсөл, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр төсөвлөсөн.

Иймээс аймгийн ЗДТГ, Худалдан авах ажиллагааны албанаас “Шилэн тендер-2020”, “Хариуцлагатай тунгалаг төр-2021” хөтөлбөрийн хүрээнд худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй болгох зорилгоор Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаа зохион байгуулахад баримтлах дотоод журам боловсруулсан байна.

Тус журмын дагуу Үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн “Үнэлгээний хороо” байгуулж буй. Энэ хүрээнд төр болон иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулсан шалгаруулалтын үйл ажиллагааг сугалааны журмаар зохион байгуулж байна. 

Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын 10-нд 11 ажлын гүйцэтгэгч сонгох эрх бүхий “Үнэлгээний хороо”-г байгуулж байсан.

Тэгвэл энэ сарын 3-ны өдөр хоёр дахь удаагийн шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгууллаа.

Энэ удаа байгуулсан тус үнэлгээний хороо нь “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгө оруулалтаар хийх Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэрийн зураг төсөв, ТЭЗҮ боловсруулах (Жаргалант сум),  Оросын 12 айлын орон сууцны гадна 235 мкв машины зогсоол (Жаргалант сум, Магсаржав баг), Цэвэр усны станцын хамгаалалтын хашаа барих дэмжлэг (”Шим ус” ОНӨҮГ) зэрэг ажил гүйцэтгэх байгууллага, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах аж.

Мөн “Хөшөөт хөгжил сан”-гийн хөрөнгө оруулалтаар хийх хамгаалалтын төмөр хайс (Цагдаагийн газар), аймгийн ЗДТГ-ын байрны ариун цэврийн өрөөний иж бүрэн засвар, шинэчлэлт, тахь адууг Монголд нутагшуулсны 30 жилийн ойн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн хашаа (Алтай сум), аймгийн ИТХ–ын харьяа байгууллагын тоног төхөөрөмж худалдан авах зэрэг ажил хийх гүйцэтгэгч сонгон шалгаруулах эрхтэй гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.  

Холбоотой мэдээ