Ташкентын Их дуулгад Монголын 20 жүдоч хүч сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-03 12:39:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистаны нийслэл Ташкент хотноо баасан гарагт эхлэх Их дуулгад оролцох тамирчдыг амны хаалт зүүх, зайгаа барих дүрмийг зөрчсөн тохиолдолд тэмцээнээс хасах шийдвэр гаргажээ.


Мөн цар тахлын улмаас үзэгчгүй, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд тэмцээнийг зохион явуулна. Энэ жилийн хоёр дахь цуврал тэмцээн “Ташкент-Гран при”-г олон улсын жүдо бөхийн холбооноос тэмцээний зэрэглэлийг дээшлүүлж, “Их Дуулга” тэмцээн болгосноор Токиогийн олимпын эрхийн төлөө өрсөлдөх жүдочдод чансааны оноо авах боломжийг олгох зорилготой юм.


Их Дуулгад түрүүлсэн тамирчин чансааны 1000 оноо авах бол мөнгөн медаль 700, хүрэл медаль 500 оноотой болно. Ганц ялсан бөх ч 100 оноо авах тул олимпын чансаагаа нэмэх хүсэлтэй тамирчид заавал оролцох ёстой тэмцээн бөгөөд оноо авахаас гадна багагүй хэмжээний мөнгөн шагналтай. Тэмцээний аварга нь 5000, мөнгө 3000, хүрэл медальт бөх 1500 ам.долларын шагнал хүртэнэ.


Тус тэмцээнд өнөөдрийн байдлаар 77 орны 550 жүдоч оролцох мэдүүлгээ өгчээ. Тэмцээн Ташкент хотын Хуми спортын ордонд болох бөгөөд эхний өдөр эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаантай. Харин бямба гарагт эрэгтэй 73, 81 кг, эмэгтэй 63, 70 кг, ням гарагт эрэгтэй 90, 100, +100 кг, эмэгтэй -78, +78 кг-ын жүдочид татамид гарч хүч, ур чадвараа сорино. Монгол Улсаас энэ тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 8 жүдоч оролцохоор Ташкент хотноо очоод байгаа юм.

Холбоотой мэдээ