О.Батчимэг: Малчин эмэгтэйчүүд хамтарч өрхийн үйлдвэрлэл явуулах, орлогоо нэмэгдүүлэх боломжтой

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-03 11:30:34

Ховд /МОНЦАМЭ/. Малчид мах, сүү, ноос ноолуур, арьс ширний анхан шатны боловсруулалт хийж өрхийн орлогоо нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдээр гэртээ төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нэлээд буй. Үүнийг бодитоор харуулж, “Сүү цагаан идээний гэр цех” ажиллуулж байгаа хөдөлмөрч нэгэн бол Ховд аймгийн Буянт сумын малчин О.Батчимэг юм. Түүний ажлын гараа, амжилт ололт, сайн туршлагын талаар цөөн хором ярилцлаа.


-Юуны өмнө өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулна ууТа мал аж ахуйн салбарт хэчнээн жил ажиллаж байна вэ?

-Намайг Очирбатын Батчимэг гэдэг. Ам бүл дөрөв. Буянт сумын Цагаан бургас багт амьдарч байна. 1998 онд мал аж ахуйн салбараас ажлын гараагаа эхэлж байлаа.

Манай гэр бүл анх нэг адуу, 100 гаруй бог мал, 10 гаруй толгой үхэртэйгээр эгэл жирийн хөдөөний айл болж байсан. Тухайн үед залуучууд олноороо төв бараадан, залуу малчид ховордож, зах зээлийн нөхцөл байдал хүндхэн байсан. Мөн малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ хямд байсан үе. Түүнээс хойш 20 гаруй жил уйгагүй зүтгэж, одоо багагүй амжилтыг хамтдаа бүтээж явна.  

Миний хань Д.Бямбадорж сум, аймгийн аварга малчин боллоо. Бид мал сүргээ таван төрөл дээр өсгөн үржүүлж, одоогийн байдлаар 1300 орчим мал маллаж байна.

-Та “Сүү цагаан идээний гэр цех” ажиллуулж байгаа. Хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?

-Малчин эмэгтэйчүүдийн хувьд гэр бүлийнхээ түшиг тулгуур болж бүх ажилд оролцоотой, чухал үүрэг хариуцлагатай байдаг. Малаа өсгөх, үр хүүхэд, ханиа халамжлахаас гадна өрхийн үйлдвэрлэл шинээр бий болгох, орлогоо нэмэгдүүлэх боломжтой сайхан цаг үе ирсэн байна.

Сүүлийн үед малын гаралтай, эко бүтээгдэхүүн зах зээлд эрэлттэй болсон. Миний хувьд сүүлийн 5-6 жилийн хугацаанд ааруул, ээзгий, шар тос зэрэг 12-13 нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, сав баглаа боодолтой болголоо. Жилд дунджаар 3-4 үзэсгэлэн худалдаанд оролцож, орлого олохын зэрэгцээ туршлага хуримтлуулж явна. Манай бүтээгдэхүүнүүд тогтмол шилдэг бүтээгдэхүүн”-ээр шалгарч байгаад баяртай байдаг. Түүнчлэн бид жилийн дөрвөн улиралд сүү, сүүн бүтээгдэхүүнээ боловсруулж, сум болон аймгийн төвийн сургууль, цэцэрлэгт нийлүүлж байна.

“Сүү цагаан идээний гэр цех” ажиллуулахдаа сүү, аарц, өрөм, тос, ааруул зэргийг олон төрлийн хэлбэр, өнгөтэй болгон үйлдвэрлэж байгаа нь хэрэглэгчдийн анхаарлыг татаж, борлуулалтыг нэмэгдүүлдэг. Хүмүүс чанартай, эрүүл хүнс, шинэлэг зүйлд сонирхолтой байдаг шүү дээ. Иймээс сүүлийн үед шар сүүний эко саван, нунтаг ээзгий савлах зэрэг шинэлэг нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж эхлээд байна.

-Та сумынхаа малчидтай хэрхэн хамтарч ажилладаг вэ?

-Буянт сумын хувьд малчин эмэгтэйчүүд хөдөлмөрөөрөө хорших, хамтран ажиллах бүрэн боломжтой гэж бодож байна. Миний хувьд сүүлийн зургаан жилд хөрш зэргэлдээ айл өрхийн малчин эмэгтэйчүүдтэй хамтран ажиллаж, сүүг нь зах зээлийн үнээр худалдан авч, бүтээгдэхүүн болгон борлуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Мөн би сумынхаа хоёр залуу малчин өрхийг дэмжиж, сүү цагаан идээ боловсруулах, үйлдвэрлэх чиглэлд хамтран ажиллаж байгаад тусад нь гаргасан. Өөрөөр хэлбэл, тэд маань сүү цагаан идээний өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлж, зарим албан байгууллагад бүтээгдэхүүнээ шууд нийлүүлж байгаа юм.

Манай сумын малчин өрхүүд өдөрт дунджаар 10-100 литр сүү авч байна. Эдгээр өрхийн хувьд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах боломж нээлттэй байгаа. Шинээр ажлын байр бий болгож, жижиг, дунд, өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдийг аймаг, сум орон нутгийн зүгээс дэмждэг. Гэхдээ тэр дэмжлэгт нь хүн бүр тэгш хамрагдах боломжгүй, хүртээмж бага байна. Үүнд төр засгаас анхаарч, тэдний санал санаачилга, хамтын ажиллагаа, бичил бизнесийг дэмжсэн төсөл хэрэгжүүлэх, санхүүжилт олгох, сургалт зохион байгуулах, зарим тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай юм.

Учир нь малчин эмэгтэйчүүд өөрсдийн авьяас, хөдөлмөрлөх зан үйл, боломж бололцоонд тулгуурлан өрхийн үйлдвэрлэл явуулахад сард дунджаар нэг сая төгрөгийн орлоготой болох боломж харагддаг. Мал аж ахуйн салбарт хаягдал бүтээгдэхүүн огт байдаггүй. Хүн өөрөө хөдөлмөрлөж чадвал бүгд эдийн засгийн эргэлтэд орох, мөнгө болох боломжтой гэж үзэж байна.  

-Залуу малчдын тоог хэрхэн нэмэгдүүлэх вэ? 

-Мал аж ахуйн салбарын сайн, сайхан бүхнийг залуучууд тэр бүр мэдэхгүй байна. Тухайлбал, төв суурин газарт амьдарч буй айл өрхүүд тог цахилгаан, ус, дулаан, түлш, мах ногоо зэрэг өргөн хэрэглээний зүйлд маш их зардал гаргадаг. Харин хөдөө нутагт энэ бүгдийг өөрөө болгож бүтээх, санхүүгийн хэмнэлт гарган амьдрах боломж их бий. Үүнийг залуучууд олж хараасай гэж би хүсдэг.

Байгалийн нөөцийг зөв зохистой ашиглан байгальд ээлтэй мал аж ахуй эрхлэх, уламжлалт соёлыг өвлүүлэхэд хувь нэмрээ оруулж, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар өндөр орлоготой болох боломжийг залуучууд өөрсдийн хүсэл тэмүүлэл, идэвх оролцоогоороо өргөжүүлэхийг уриалж байна. Өртөг багатай, өрнүүн амжилттай салбар бол мал аж ахуйн салбар” юм.

-“Сүү цагаан идээний гэр цех”-ийг цаашид хэрхэн өргөжүүлэх вэ?

- Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд гэр бүлийн гишүүдийн оролцоо, дэмжлэг маш том байр суурь эзэлж байна. Үүнээс гадна сүүгээ сум орон нутгийн малчдаас газар дээр нь очиж авч байгаа тул малчин өрхүүдтэй хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо сайжруулна. Бүтээгдэхүүний эрүүл ахуйн стандартыг хангахын зэрэгцээ нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллах болно.

Мөн залуу үеийнхэнд сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах аргын тухай хуваалцахыг зорьдог. 2016 онд “Монголчууд ааруул яаж бэлтгэх вэ” сэдэвт баримтат кинонд оролцож байлаа. Тухайн үед уламжлалт аргаар ааруул хийх аргачлал, зөвлөмжийг танилцуулж байсан.

-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ