Францад “AstraZeneca”-гийн вакциныг 65-75 насныханд тарихыг зөвшөөрчээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-03-02 17:01:13

ПАРИС. /CNN/. Францад “Oxford/AstraZeneca”-гийн коронавирусний вакциныг архаг хууч өвчтэй 65-75 насны хүмүүст хийхийг зөвшөөрлөө гэж тус улсын Эрүүл мэндийн яам даваа гарагт мэдээлжээ.


Францын Засгийн газар “AstraZeneca”-гийн вакцины өндөр настнуудад үзүүлэх үр дүнгийн талаарх мэдээлэл дутмаг байгааг харгалзан зөвхөн 65-аас доош насны хүмүүст тарихыг зөвшөөрөөд байсан юм.


“Одооноос 50-аас дээш насны чихрийн шижинтэй, цусны даралт ихтэй, хавдраар өвчилж байсан хүмүүс “AstraZeneca”-гийн вакцин хийлгэж болно” гэж Эрүүл мэндийн сайд Оливье Веран мэдэгджээ. Харин 75-аас дээш настай иргэдийн хувьд “Pfizer”, Moderna”-гийн вакциныг тариулах хэрэгтэй гэж тэрбээр нэмж хэлжээ.


Эрүүл мэндийн сайд орон даяар мөрдөж буй хязгаарлалтын арга хэмжээнүүдийн тухайд хэлэхдээ, Засгийн газар ойрын долоо хоногуудад хязгаарлалтыг сулруулах боломжийг хэлэлцэнэ хэмээгээд, 4-5 долоо хоногийн дараа "илүү эрх чөлөөтэй болно" гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ