“Brent” маркийн нефтийн үнэ өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-02-25 15:31:34

МОСКВА. /Interfax/. Шатахууны эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй холбоотойгоор дэлхийн зах зээлд нефтийн үнэ өссөөр байна.


Лондоны “ICE Futures” биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн дөрөвдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ 0.22 хувиар /0.15 ам.доллар/ өсөж, нэг торх нь 67.19 ам.доллар болсон байна. Лхагва гарагт “Brent” 2.6 хувиар өсөж, 67.04 ам.долларт хүрсэн нь 2020 оны нэгдүгээр сараас хойших хамгийн дээд үзүүлэлт болжээ.


Нью-Йоркийн бирж дээр (NYMEX) “WTI” маркийн нефтийн дөрөвдүгээр сарын фьючерс хэлцлийн үнэ 0.06 хувиар өсөж, нэг торх нь 63.26 ам.доллар болсон бол өмнөх өдрийн арилжааны явцад дөрөвдүгээр сарын гэрээний үнэ 2.5 хувиар өсөж, нэг торх нь 63.22 ам.долларт хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны нэгдүгээр сарын 6-наас хойших хамгийн дээд үзүүлэлт ажээ.


Зах зээл бүхэлдээ “COVID-19”-ийн тохиолдлын тоо буурч байгаатай холбоотой эерэг таамаглалуудад гол анхаарлаа хандуулсан хэвээр байна гэж Америкийн “S&P Global Platts” цахим хуудаст бичжээ.


"Вакцины хүртээмж нэмэгдэж байгаа нь АНУ-д хязгаарлалтыг сулруулж, эрэлтийг нэмэгдүүлнэ гэсэн зах зээлийн өөдрөг үзлийг АНУ-ын Эрчим хүчний яамны мэдээлэл дарж чадсангүй" гэж Австралийн дөрөв дэх том банк болох ANZ-ийн шинжээчид онцолсон байна. “Энэтхэгт аялагчдын тоог нэмэгдсэнээр эрэлт цар тахлын өмнөх түвшинд очих хандлага ажиглагдаж байгаа бол Хятадад ч мөн хэрэглээ мэдэгдэхүйц сэргэж байна” гэж шинжээчид нэмж дурджээ.


Түүнчлэн Европт байдал сайжирч байгаа бөгөөд “S&P Global Platts Analytics”-ийн шинжээчдийн таамаглалаар, хоёрдугаар сард шатахууны эрэлт нэгдүгээр сарынхтай харьцуулахад 60 мянган торхоор өсөх төлөвтэй байна.


Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын газрын тосны нөөц 1.28 сая торхоор нэмэгдсэн тухай тус улсын Эрчим хүчний яам лхагва гарагт мэдээлсэн байна. Bloomberg-ийн санал асуулгад оролцсон шинжээчид Америкийн газрын тосны нөөц 6.5 сая торхоор буурна гэж таамаглаж байжээ.

Холбоотой мэдээ