Эхчүүдийн амрах байрны засварын ажлын явц 50 хувьтай байна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-02-24 10:33:53

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан өнгөрсөн сард аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцах үеэр эхчүүдийн амрах байрыг жишиг байдлаар шинэчлэн засварлаж, тохижуулж өгөхөөр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд  “Сүлдэт майнинг“ ХХК, "Вояаж Минерал Ресурс" ХХК-ийн 100 сая төгрөгийн санхүүжилтээр  засварын ажлыг энэ сарын 15-наас эхлүүлсэн бөгөөд засварын явцтай Засаг дарга танилцлаа.

Ажлын хүрээнд нийт 300 гаруй метр квадрат талбайг буюу 11 өрөөг шинэчлэн засварлаж байгаа юм байна. Эхчүүдийн амрах байрны засвар өнөөдрийн байдлаар 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгааг гүйцэтгэгч компанийнхан ярьж байв. Засварыг хийхдээ эхчүүдэд тохь тухтай байх шийдлээр буюу гэрэлтүүлэг сайтай, эко орчин нөхцөл байдлыг бий болгохыг зорьжээ.

Төрөх тасгийн Эхчүүдийн амрах байрыг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ