Эрүүл мэндийн салбарт томоохон ажлуудыг өрнүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-02-24 12:01:14

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч нартай уулзалт хийлээ.

Улсын төсвийн 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэхээр болсон байна. Энэ тухай мэдээллийг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, ЭМГ-ын дарга Н.Энхжаргал нар уулзалтын эхэнд өглөө.

Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарт 80 гаруй эмч, мэргэжилтэн хүний амь, эрүүл мэндийг аврах хариуцлагатай албанд зүтгэж байна. Тэдний хувьд ажиллах орчноо сайжруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдах, нарийн мэргэжлээр сурч боловсроход дэмжлэг үзүүлэх, ажлын үр дүнгээ үнэлүүлэх, удирдлага зохион байгуулалтын оновчтой бодлогын үр дүнг бий болгох, алсын дуудлагад явах аюулгүй унаа тэргээр хангагдах зайлшгүй шаардлагатай байгаа тухайгаа аймгийн удирдлагад танилцуулсан юм.

Эмч нарын санал хүсэлтийг сонссоноор аймгийн удирдлага хэлэхдээ, Төрөлжсөн мэс заслын тусгай кабинет байгуулах /гэмтэл, мэс засал, төрөх, дуран/, Улаанбаатар хотоос нарийн мэргэжлийн өндөр чадвар бүхий эмч нарын багийг орон нутагт ирүүлэн практик сургалтыг олгох, эмнэлгийн бохирын системийн доголдлыг арилгах, мооргийн шинэ төв барих, эмнэлгийн гаднах  хашаа, талбайг бүрэн өөрчлөх зэргээр нэмж 800 сая төгрөгийн томоохон дэмжлэг үзүүлэхээ албан ёсоор илэрхийллээ.

Мөн алсын дуудлагад яваа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ аюулгүй зорчих боломж нөхцөлийг хангаж ирэх зургадугаар сарын нэгний дотор Ланд-200 маркийн шинэ автомашиныг олгохоор болов.

Холбоотой мэдээ