А.Ариунаа: Чөлөөт худалдааны хэлэлцээрийн үр дүнд бараа эргэлт 60 хувиар өснө

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-06-10 10:10:25

Монгол, Япон улсын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд хоёр талын  бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлсөн. Энэ асуудлаар  Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал А.Ариунаатай ярилцлаа.

- Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол, Япон Улс хоорондын хэлэлцээрийн хүрээнд хичнээн төрлийн бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлж байна вэ?

-Энэ сарын 7-ноос эхлэн хоёр талын худалдаанд хөнгөлөлттэй нөхцөл үйлчилж эхэлсэн. Манай талаас 5700 орчим төрлийн бараа, Японы талаас 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг буурууллаа. Монгол Улс Японоос  орж ирж буй импортын 3423 төрлийн барааны гаалийн тарифыг, Япон Улс манай экспортын 8004 төрлийн барааны гаалийн татварыг  чөлөөлсөн. Энэхүү хөнгөлөлт нь зөвхөн импортын гаалийн татварт хамаарна.  Олон улсын хэмжээнд нийт 97 бүлгийн 9700 төрлийн бараа байдаг.

 -Хэлэлцээрийг баталснаар хоёр улсын бараа эргэлт хэдэн хувиар өсөх төлөв байна?

-  Монгол-Япон улсын  жилийн нийт худалдааны эргэлт 300-500 сая ам.долларт хүрдэг гэсэн тооцоо бий. Энэ нь монголын нийт худалдааны 3-4 хувийг эзэлдэг. Харин чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдсанаар ирэх хоёр жилд энэ тоо 50-60 хувиар өсөх төлөв байна.

-Өнөөдрийн байдлаар манай улс Япон руу хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн  экспортлож байна вэ?

-Чацарганын төрлийн бүтээгдэхүүн, боловсруулсан арьс, ширэн эдлэл, ноолууран болон нэхмэл, сүлжмэл барааг экспортлож байна. Японы зах зээлд нэхмэл, сүлжмэл бараа экспортлоход  импортын гаалийн татварыг үнийн дүнгээр тооцоход дунджаар 10-14 хувь байдаг. Тэгвэл энэ хэлэлцээр хэрэгжсэнээр 1200 орчим төрлийн нэхмэл, сүлжмэл барааны 10-14 хувийн татварыг тэглэсэн.  Бизнес эрхлэгч 30 мянган ам.долларын  нэхмэл, сүлжмэл бараа  японы зах зээлд экспортлоход тухайн барааны төрлөөс хамааран үнийн дүнгээс 3000-4200 ам.долларын гаалийн татвар төлөх байсан бол одоо гаалийн татвар төлөхгүй.  Гаалийн татварт төлөх 3000-4200 ам.доллар бизнес эрхлэгчийн халаасанд үлдэнэ.

-Татварын хөнгөлөлтөд хамрах бараа заавал гарал үүслийн гэрчилгээтэй байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа юу?

-Гарал үүслийн гэрчилгээтэй бараа л хөнгөлөлт эдэлнэ. Тухайн барааны үйлдвэрлэлийн технологийн дамжлагын хоёр үе шатны боловсруулалтыг заавал монголд хийх ёстой.  Тус гарал үүслийн гэрчилгээг МҮХАҮТ олгоно.

-Манай хоёр орны худалдаанд автомашин томоохон хувь эзэлдэг. Автомашины татварын тарифын тухайд ?

- Хэлэлцээрийн хүрээнд манай улс 0-3 жил ашигласан японы автомашиныг  импортлоход  үнийн дүнгээр ногдуулдаг 5 хувийн гаалийн тарифыг шууд тэглэнэ, 4-6 жил ашигласан автомашины импортын тарифыг 10 жилийн хугацаанд жил тутам 0.5 хувиар бууруулах замаар тэглэхээр тохирсон. Харин 7-9 жил ашигласан автомашины импортын гаалийн 5 хувийн тарифыг 10 жилийн дараа буюу 2026 оноос тэглэнэ. 10-аас дээш жил ашигласан автомашиныг японоос оруулж ирэхэд гаалийн импортын татвараас чөлөөлөхгүй. 30 мянган ам.долларын  үнэтэй шинэ машин японоос оруулж ирэхэд тухайн барааны үнийн дүнгээс тооцож, гаалийн татвар 5 хувь буюу 1500 ам.долларыг төлнө. Тэгвэл энэ хэлэлцээр хэрэгжсэнээр 1500 ам.доллар нь улсын төсөвт бус, харин бизнес эрхлэгчийн орлого болно.  Ингэснээр 30 мянган ам.долларын япон машины үнэ 1500 ам.доллараар хямдарч буй юм.

-Дулааны аргаар боловсруулсан махыг Японы зах зээлд гаргах квотыг хичнээн аж ахуйн нэгжид олгох вэ?

- Хувийн хэвшлийнхэн японы стандартын шаардлагад нийцүүлэх нь чухал байгаа. Япон руу ямаа, хонины махыг экспортлоход импортын гаалийн татваргүй. Харин лаазалсан, хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн 4.2 хувь тарифыг 10 жилийн хугацаанд бүрэн чөлөөлнө. Хагас боловсруулсан буюу лаазалсан үхрийн махан бүтээгдэхүүний тарифыг тодорхой тоон хязгаарт багтаан  экспортлоно. 

 -Тээвэрлэлтийн хувьд ямар бэрхшээл тулгарч байна вэ?

-Далайд гарцгүй учраас хөрш орнуудтай транзит тээврийн хэлэлцээр  байгуулах нь чухал. ГХЯ-наас энэ чиглэлийн яриа хэлэлцээг хийж  байна.

- Хоёр орны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл нь?

-Хэлэлцээрийн ашиг шимийг хүртэгч нь хувийн хэвшлийнхэн. Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, жижиг дунд үйлдвэрлэл, дэд бүтэц, барилга, шинжлэх ухаан, технологи, оюуны өмч, аялал жуулчлал, байгаль орчин, уул уурхай, эрчим хүч, мэдээлэл харилцаа холбооны технологи зэрэг салбарыг хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болгосон.

Б.Заяа

Холбоотой мэдээ