Сүхбаатар аймгийн удирдах ажилтнууд зөвлөлдөж байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-02-23 12:04:03

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн, сургалт болж байна. Зөвлөгөөнөөр аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, сумын удирдлагууд бүрэн эрхийн хугацаанд хийхээр төлөвлөсөн ажил, аймгийн ЗДТГ болон хэлтсүүдээс 2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бодлого чиглэл, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэж байна.

 

Аймгийн Засаг дарга М.Идэрбат нээлтийн үгэндээ, ирэх дөрвөн жилд аймаг орон нутгийнхаа хөгжийн төлөө хамтран зүтгэх баг анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж, хамтын ажиллагааныхаа талаар хэлэлцэх гэж байна. Энэ бол ирэх жилүүдэд аймаг, сумдад хийх томоохон бүтээн байгуулалт, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах чиглэлээр чөлөөтэй хэлэлцэх зөвлөгөөн гэдгээрээ онцлог. Хамтарч гар, сэтгэл нийлж ажиллахын тулд бүгд нэг л зарчмыг баримтлах ёстой.

Төрийн алба хаагч бүр авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нь засаглалын гол үндэс. Нөгөө талаар бид бүхэн аймгийн 64,2 мянган хүний эрх ашиг, ажиллаж, амьдрах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хамтарч ажиллана. Тиймээс иргэн, хувь хүмүүс рүү чиглэсэн ажлыг салбар салбартаа хийж хэрэгжүүлнэ. Нийгмийн бүхий л салбарт шинэ, шинэлэг ажлуудыг хийхээр мөрийн хөтөлбөрт тусгасан. Энэ бүгдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх болно.

Тодруулбал, ЭМТ-үүдийг шинэчилж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаснаар иргэн анхан шатны нэгжээс эрүүл мэндийн гол үйлчилгээг авах нөхцөлийг бүрдүүлэх, ЖДҮ-ийн зээлийн үр дүнг дээшлүүлэх замаар ажилтай, орлоготой өрхийг бий болгох, залуу гэр бүлийг дэмжих чиглэлээр түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх амралт зугаалгын томоохон цэцэрлэгт хүрээлэнг байгуулах, амар тайван аюулгүй бүс болох чиглэлээр дэвшилтэт технологи бүхий камержуулалт, гэрэлтүүлгийг хийх зэрэг олон ажлыг дурдаж болно. Энэ бүхнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хамтын ажиллагаа хамгийн чухал гэдгийг тодотгов.

 

Зөвлөгөөнд сумдын удирдлага, албад агентлаг, хэлтсийн удирдлагууд оролцож байна. Хоёр өдөр үргэлжлэх уг зөвлөгөөний төгсгөлд аймгийн Засаг дарга удирдлагуудтай 2021 онд хамтран ажиллах гэрээ байгуулах юм.  

 

Холбоотой мэдээ