Д.Мөнхсайхан: Аймгийнхаа хөгжлийн төлөвлөгөөг цөөхөн даргын хүрээнд биш, иргэдтэйгээ зөвлөлдөж гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-02-19 16:53:39

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Та аймаг удирдах хариуцлагатай албан тушаалд томилогдоод хагас жилийн хугацаа өнгөрсөн байна. Ажлаа юунаас эхлүүлсэн бэ?

-Аймгийн Засаг даргаар наймдугаар сарын дунд үеэс ажиллаж эхэлсэн. Нэн түрүүнд сэтгэл зовоосон нь байгалийн давагдашгүй нөлөө ган гачиг. Баянхонгор аймагт зуншлага тун тааруу, ялангуяа говийн сумдын нөхцөл байдал үнэхээр хүндэрсэн цаг үе таарсан. Мал аж ахуйн салбарт эрсдэл учрах нь ойлгомжтой болчихсон, отор нүүдэл ихэссэн, малчдаас санал хүсэлт тасралтгүй ирж байлаа. Мал, махаа яаж илүү ихээр эргэлтэд оруулах вэ, өвлийг хэрхэн өнтэй давах вэ гэдэг л бодогдсон. Үүний зэрэгцээ коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор хорио дэглэмийн нөхцөлд байснаас болж хүмүүсийн орлого ашиг нэлээд буурсныг хэлэх хэрэгтэй. Дараагийн тулгамдсан асуудал нь архидалтаас үүдэлтэй сөрөг нөлөөнүүд. Аймгийн хэмжээнд архинд донтсон хүмүүс олон. Ер нь аймаг, сумдад эрхлэх ажил ховор гэсэн зовлон бий. Тийм болохоор иргэдийн гар дээр очих бодит орлогын хэмжээ маш бага байдаг. Яг энэ шалтгаанаас болж гэмт хэргийн гаралт ихэсч, ахуйн хүрээний архидалт газар авч, архидалтаас үүдсэн хүчирхийлэл гэх мэт цөөнгүй сөрөг нөлөө гарч байгаа нь нуух юмгүй ил үнэн. Энэ асуудлыг шийдье гээд тодорхой хэдэн ажил эхлүүлсэн.

Хэдийгээр 2020 оныг архидалтын эсрэг жил гээд зарласан ч бодит байдал дээр дорвитой ажлууд хийж, архидалттай тэмцэх алхмыг эрчимжүүлэх шаардлагатай байсан юм. Ямартай ч тулгамдсан асуудлуудаа олоод харчихлаа. Энэ жил яаж ажиллах зургаа гаргачихсан. Хамгийн түрүүнд аймаг орон нутаг өөрийн гэсэн орлоготой болох ёстойг илүү тод ойлголоо. Орлого, зарлагаа нэмэгдүүлэхгүйгээр хөгжил ярих боломжгүй. Өнгөрсөн  хорь, гучин жилд юун дээр алдаж, онов, цаашдаа яаж хөгжих ёстой юм бэ, энэ маягаараа урагшлахгүй суугаад байх уу гэдгээ дан ганц аймгийн удирдлагуудын хүрээнд биш олноороо ярилцах ёстой юм байна гэж харсан. Тиймээс ч аймгийн Засаг даргын зүгээс “Хөгжлийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулах санаачилга гаргаад байна.

-Олноороо хэлэлцэж хөгжлийнхөө төлөвлөгөөг гаргана гэдэг шинэлэг сонсогдож байна шүү. Тэгэхээр аймгийн сум бүрээс төлөөлөл оролцсон том зөвлөгөөн зохион байгуулах нь ээ?

-Аймгийнхаа өнцөг булан, сум бүрээс иргэдээ оролцуулахын тулд нэг сумаас 10 орчим иргэн, тухайн сум орон нутгийн удирдлага, бизнес эрхлэгчид, Баянхонгор аймгийн уугуул, аймгаа хөгжүүлэхэд нөлөө болохуйц хүмүүс, аймгийнхаа улс төрчдийг оролцуулж хөгжлийн гарц шийдлээ ярилцъя гэж бодож байна. Миний хувьд аймгийн Засаг даргаар ажиллахдаа гурван  зүйлийг чухалчилна. Нэгдүгээрт, шударга ёсыг тогтооход анхаарна. Шударга төртэй байж аймаг орон нутаг маань орлоготой болж, хөгжих гарц нээгдэнэ. Гэтэл төрдөө итгэх ард иргэдийн итгэл алдарчихаж. Томоохон мөнгө хөрөнгө эргэлддэг уул уурхайн салбар, аймагт зарладаг тендертэй холбоотойгоор үе үеийн удирдлагыг хардаж сэрддэг. Энэ мэт  эргэлзээ үүсгэж байгаа зүйлстэй холбоотой мэдээллийг олон нийтэд ил тод  нээлттэйгээр өгөхгүй бол төрдөө эргэлзсэн байдал улам даамжрах хандлагатай байна. Аймаг орон нутгийнхаа орлогыг бүрдүүлэхийн тулд шударга ёс, төрийн шударга бодлого, зөв хандлага хэрэгтэй.

Хоёрдугаарт, аймгийн хэмжээнд архидалтгүй нийгмийг бүрдүүлэхэд онцгой анхаарна. Иргэдээ ажил орлоготой, архинаас ангид амьдрахад бодлогын дэмжлэг үзүүлнэ. Гуравдугаарт, аймгийнхаа айл өрх, гэр бүлийг аз жаргалтай амьдрах бололцоог бүрдүүлэхэд төрийн зүгээс чадах бүхнээ хийх учиртай гэж харж байгаа.

-Ирэх жилүүдэд аймаг орон нутгийг түүчээлэн ажиллах  багаа бүрдүүлэхэд юуг голчилж харах вэ?

-Би багийнхантайгаа зургаан сарын хугацаатай гэрээ байгуулж байгаа. Энэ хугацаанд яаж ажиллахаас хамаарч цаашид хамтарч ажиллах эсэхээ шийднэ. Иргэд биднээс хариуцлагатай ажиллахыг л хүсч, шаарддаг.  Хариуцлага тооцох асуудлыг эхэнд тавьж ажиллах болно гэдгээ энэ ташрамд онцолж хэлмээр байна. Сэтгэлтэй, сэтгэлгүй нь мэдэгдэхгүй хэн нэг нөхрийг өндөр албан тушаалд томилчихоод алдаа гаргасан ч халж солихгүй явдаг хандлагаас татгалзана.


                       Төв байгуулах амархан, архинд донтолтоос салгана гэдэг хүнд ажил


-“Архидалтгүй Баянхонгор 2020”-ыг өмнөх удирдлагууд зарлаж тодорхой ажлыг эхлүүлсэн. Таныг энэ ажлыг эрчимжүүлж “Жаргалтай амьдрал” төв байгуулсанд иргэд олзуурхаж байгаа нь тод анзаарагдсан. Байгуулсан төв цаашдаа хэр чадамжтай ажиллах бол?

-Бид  архидалтыг олон өнцгөөс харах ёстой. Хамгийн тулгамдсан асуудал бол архинд  хэт донтсон хүмүүс. Аймаг бүү хэл, Монгол Улсын хувьд ч гэсэн архинаас гаргах дорвитой эмчилгээ, үр дүн нь тодорхой болсон арга шийдэл ховор юм билээ. Архинд донтох асуудлыг шийдэж чадвал олон айлыг тогтуун аз жаргалтай болгож чадах юм байна гэдгийг маш сайн ойлгосон. “Жаргалтай амьдрал” төв архинд донтсон хүмүүсийг эмчлэх зорилготой. Нэг байшин засаад төв байгуулах амархан, архинд донтсон хүмүүсийг эмчилнэ гэдэг хүнд асуудал. Гэхдээ Баянхонгорынхон азтай. Б.Мөнхсүлд гэж залуухан,  боловсролтой сайн эмч манай аймагт бий. Тэр залуугийн туршлага, архинд донтсон хүнийг эмчлэх чиглэлээр ажиллах хүсэл мөрөөдөл, шинэ санаачилга дээр  нь тулгуурлаж  “Жаргалтай амьдрал” төвөө байгуулсан.

-“Жаргалтай амьдрал” төв хэчнээн хүмүүсийг архинаас гаргаад байгаа бол?

-Одоогоор 60 орчим хүнд үйлчилгээ үзүүлээд байна. Зарим нь эмчлүүлээд гарсан, зарим нь эмчлүүлж байгаа. Мундаг эмч хамт олны хүчинд архинд донтсон хүмүүс огт өөр болж, амьдралаа шинээр эхлүүлэх эрч хүчтэй болно гэдэгт эргэлзэх зүйл алга.

-Аймаг орон нутаг төсвөө бүрдүүлдэг болж хөгжихийн тулд юунаас ямар орлого олох вэ гэдэг маш чухал асуудал. Энэ тал дээр бодсон, харсан зүйлээ хуваалцаач?

-Яг наад асуудлыг чинь ярилцаж байна. Мэдээж нэгдүгээрт мал аж ахуйн салбараа түшиглэнэ. Хоёрдугаарт байгаль орчинд тулгуурлаж дотоодын аялал жуулчлал, ашигт малтмал хайрга чулуу шавар зэргээ зөв ашиглавал орлого олох боломжтой.  Жишээ нь, Шаргалжуут рашааныг уламжлалт эмчилгээний шугамаар үеийн үед ашиглаж ирсэн. Үүнийхээ зөвхөн рашааны хэсгийг Баянхонгор аймаг өөрөө ашиглавал орлогын тодорхой эх үүсвэр бий болно. Одоогоор жилд 50-60 сая төгрөг орж ирдэг гэсэн тооцоо бий.  Үүнийг яаж жилд 500-600 сая төгрөг болгох вэ гэдэгт анхаарч ажиллана. Аймгийн уул уурхайн салбарын орлогыг ил болгоно. Мөн уул уурхайн салбарыг ил тод болгоно. Нийгмийн хариуцлагын хүрээнд гэх мэт тайлбар дор нэг, хоёр зуун сая төгрөг авдаг байсан жишгийг хална. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад зохих шаардлагуудыг тавьж байгаа. Хөгжлийн зөвлөгөөний үеэр Баянхонгор аймгийг хурдтай хөгжүүлэхэд зориулах  орлогын мөнгөн дүнг ил тод болгож тавина. Аймгийн Засаг даргаас уул  уурхайн компаниудтай хамтран ажиллах үйл ажиллагаагаа ил тод мэдээлнэ.


                                   Аймагтаа энэ онд  томоохон  төслүүдийг  хэрэгжүүлнэ


-Улсын төсвөөс аймгийн хөгжилд хэр анхаарч байгаа бол?

-Өнгөрсөн дөрвөн жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтыг  Баянхонгор аймагт их хэмжээгээр татсан. Барилга байгууламж, бүтээн байгуулалт багагүй хийсэн. Миний хувьд ирэх дөрвөн жилд айл өрх, хүнээ хөгжүүлэхэд онцгойлон анхаарна. Эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр ажиллана. Баянхонгорт яг ямар үйлдвэрлэл хөгжүүлж иргэдээ ажилтай орлоготой болгох вэ гэдгийг би хөгжлийн зөвөлгөөний үеэр танилцуулна. Бид алийн болгон шороо тоос утаа униар дундаа, хашаа гэр хорооллын нөхцөлд амьдрах вэ. Энэ бүр дээр дорвитой өөрчлөлт гаргаж ажиллана. Аймаг орон нутгийнхаа хот тохижилтыг өөрсдөө хийцгээе гэж уриална. Ямар нэг компанийн шугамаар биш иргэдтэйгээ хамтарч шийдэх боломжтой зүйлст илүү төвлөрч ажиллана.

Жишээ нь энэ онд бид байгаль орчны салбарын бүх хөрөнгө оруулалтыг нэгтгэж, Түйн голынхоо сав газарт зарцуулна гэж төлөвлөж байгаа. Хөгжлийн зөвлөгөөний үеэр энэ талаар дэлгэрэнгүй хэлэлцүүлэг өрнүүлнэ. Зөвхөн Түйн голынхоо ай сав газрыг хамгаалах, тохижуулах ажилд аймаг орон нутгаараа нэгдэн олон зуун ажилгүй залуусынхаа хүчийг дайчилж цалинтай орлоготой болгох боломж бий. Өөрөөр хэлбэл байгаль орчны салбараар дамжуулж нэг тэрбум төгрөгийн асуудлыг шийдэх боломж байна. Нийтийг хамарсан ажлынхаа нийгмийн халамжийн чиглэлийн мөнгийг Түйн голынхоо ай сав газарт оруулъя гээд байгаа юм. 30 мянган хүн хажууханд нь амьдардаг Түйн голынхоо Баянхонгор хоттой залгасан хэсгийг бид 2021 онд бүрэн хамгаалалтдаа авч тохижуулна. Нэг хэсэг нь мод сөөгөө тарьж, нөгөө нь аялал зугаалгынхаа бүсийн бүтээн босголтыг хийж, үлдсэн нь хашаа хороогоо барьж аймаг даяараа ажиллана. Үндсэндээ хот тохижилтыг иргэдээ ажлын байраар хангах том талбар болгоё гэж харж байна.

-Та түрүүн тодорхой төслүүд хэрэгжүүлнэ гэж ярилаа. Яг ямар төслүүд хэрэгжүүлэх вэ?

-Тодорхой дөрвөн төслийг нэг жилд хийе гэж зорьж байгаа. 2021 оны зорилт гэвэл хамгийн түрүүнд утаа униараасаа салахад анхаарна. Энэ асуудлыг ярилцаж гаргалгаа хийж чадсан. Мэргэжлийн шилдэг залуус төсөл тооцоон дээр нь ажиллаж байна. Ер нь бид чадвар мэдлэгтэй залуусаа таван төсөл дээр баг болгож тооцоо судалгаан дээр нь ажиллуулаад эхэлчихсэн. 6-7 төслийг хөгжлийн зөвлөгөөний үеэр танилцуулна. Тухайлбал шахмал түлш үйлдвэрлэх боломжийг хайж байна. Хоёрт, Баянхонгор аймаг нэг ч гэсэн зүйлээр дэлхийд гарах бодлого барих ёстой. Нэг ч гэсэн брэндтэй болохыг зорьж ажиллана. Энэ бол ганц миний биш Баянхонгорынхны мөрөөдөл.

-Тэгвэл бид яг юугаараа дэлхийд гарах боломжтой гэж та харж байна вэ?

-Дэлхийд байхгүй хоёр бөхтэй тэмээгээрээ бид том зах зээлд гарах боломжтой. Яг энэ шийдлээр ингэний сүүндээ тулгуурласан брэнд гаргахаар төсөл боловсруулсан. Хөгжлийн чуулганы үеэр танилцуулна.


                           Малын тэжээл тариалаад хагас тэрбумыг олох боломж байна


-Энэ жил хэрэгжих гурав, дөрөв дэх төсөл аль салбарт хэрэгжих бол?

-Нэг нь хөдөө аж ахуйн салбарт хамаарна. Ган зудын хүнд бэрх цаг үед бидний зайлшгүй хийх ёстой зүйл бол тэжээлийн ургамлын тариалалт. Аймаг, сум улсаараа баахан өвс тээвэрлэж авчирлаа. Баянхонгорт.  Нэг сая орчим боодол авчирсан судалгаа гарч байна. 4-5 тэрбум төгрөгийг зөвхөн тээврийн зардалд урсгаж, аймаг орон нутгаараа халаасаа гөвөөд дуусдаг. Энэ бүхэн бидэнд том сургамж болж байна. Тэжээлийн ургамал тариалах төсөл дээр мэргэжлийн баг ажиллаж байгаа. Бидний өмнө нь гаргаж байсан нэг том алдаа бий. Нэг нөхөр дангаараа баахан төсөл бичиж, услалтын систем авчирч, тав, арван га-д тариалдаг, тэр нь эдийн засгийн ач холбогдолгүй зардлаа ч даалгүй дампуурдаг байсан. Олон зуун саяын хөрөнгө ингээд л үнэгүйдчихдэг байсан. Төрөөс өгсөн услалтын систем гэхэд аймагт долоо, найман ширхэг байна. Утгаараа хэрэглэж байгаа нь нэг ч алга.Тиймээс бид тариалах газраа сонгосон. Хөрс нь дажгүй 5000 га стратегийн газартаа тэжээл тариалахаар төсөл боловсруулсан. Тэндээ төрийн данстай усалгааны систем, трактор ашиглаж, ажилгүй агрономчдоо ажиллуулна.

Мөн “Шинэ суурьшлын бүс” гэсэн том төслийг бэлдээд дуусч байна. Энэ бүсийг дагуул хот шиг бүс болгоё гэж төлөвлөж байгаа. Зөвхөн энэ онд 450 айлын долоон давхар 10 орон сууцыг орон нутгийн компаниудтайгаа нийлж барина. Яг л Улаанбаатарт баригддаг “Хүннү” хорооллын жишигт дүйцэхүйц орчин үеийн өндөр стандарттай хотхон байгуулна. Ипотект яаж хамруулах, дэд бүтцийг яаж шийдэх вэ гэдгийг тодорхой болгож, цэвэрлэх байгууламж, ус зайлуулах асуудлыг шийдэж, моджуулалт, гэрэлтүүлэг ногоон тохижилтод нь цогц байдлаар анхаарна. Энэ бүтээн байгуулалтад Баянхонгор аймгийн барилгын компаниуд бүгд оролцоно.

-Мал аж ахуйн салбарт гэхэд л тулгамдсан олон зүйл анзаарагддаг. Таныхаар цаг алдалгүй шийдэх ёстой асуудал гэвэл юуг онцлох вэ?

-Мал аж ахуйн салбарт гээд яривал манай Баянхонгор аймагт мал махны зоорь хөргүүрийн асуудал хүндхэн байна. Цаг хүндрэхэд нядалсан малын махаа нөөцлөх боломжгүй байгаа. Ердөө ойрын жишээ гэвэл бид 8 дугаар сараас эхлээд мах бэлтгэлийн компаниудаар дамжуулж онд орохгүй малыг малчдаасаа худалдаж авч нядалсан. Гэтэл махаа хадгалах зоорьгүйгээс багагүй сандарлаа. Өнөөдрийн байдлаар 2.2 сая орчим малыг хорогдохоос сэргийлж эдийн засгийн эргэлтэд оруулж чадсан тоо гарчээ. Мөн хүнсний ногоогоо ахиугаар хадгалах газаргүйгээс хавартаа үнэд ордог. Тиймээс аймгийн хэмжээний нэгдсэн зоорьтой болох төслийг танилцуулахаар бэлдэж байна. Энэ төсөл хэрэгжвэл малчид, ногоочдоо дэмжихэд маш том нөлөө үзүүлнэ.

-Таны яриаг анзаарахаар хөдөө аж ахуйг кластераар хөгжүүлэх санаа оноог ажил болгох эхлэлийг тавьчихаж байгаа юм байна даа. Хөдөө аж ахуйн кластер Баянхонгороос эхэлж байна гэж ойлгож болох нь ээ?

-Ер нь тийм шүү. Хөдөө аж ахуйн кластер Баянхонгор аймгаас эхэлж байна. Товчхондоо хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн парк гэсэн үг шүү дээ. Сая миний ярьсан тэжээлийн ургамал тариалалт, зоорь, газар тариалан бүгд орно. ЮНИДО-той хамтран ажиллахаар ярьж байна. ЮНИДО-гийн төсөл хөтөлбөрийн тухайд кластер хөгжүүлэхтэй зорилго чиглэл нийлж байгаа. 9.6 сая ам.долларын том төсөл. Онцолж хэлэхээр томоохон хөрөнгө оруулалт. Миний ярьсан бүх зүйлтэй уялдана. Бодлого чиглэл нэг л байвал газар тариалан хашаа хороотойгоо, усалгаатай агрономитойгоо цогцоороо  хөгжинө гэсэн үг. Тарьж байгаа талбайнхаа хэмжээг бодоход эдийн засгийн үр ашиг нь тодорхой. Ургацаа хураахад ашигтай байх нь ойлгомжтой.  Сайхан зун болвол ургацаа яах вэ, малд өвсний хэрэгцээ байхгүй бол яахав гэсэн асуудал бий. Тийм үед ч бидэнд том зах зээл байгаа. Улс, аймгийн  нөөцөд  жил бүр хүссэн хүсээгүй өвс бэлддэг. Аймагт улсын нөөцийн, аймгийн нөөцийн гэж тусдаа хоёр нөөц бий. Улсын нөөцөд 30 мянган боодол өвс, аймгийн нөөцөд 20 мянган боодлыг жил бүр бэлддэг. Нэг боодол өвс 8000 төгрөгийн үнэтэй гэж тооцвол 50 мянган боодол нь 400 сая төгрөг болно. Бараг хагас тэрбум төгрөг. Их мөнгө шүү. Мод үржүүлэхээс эхлээд тарьж болох бүхнийг тарьж, зах зээлээ мэдэрч байж агропарк маань жинхэнэ утгаараа ашигтай ажиллана.

-Тус тусдаа жижиг төсөл хэрэгжүүлэх гээд дампуурсан байдал аймаг бүрт л харагддаг. Үр дүнд нь ажиллаж ашгаа өгөхгүй баахан эвдэрхий техник л зэврээд хоцордог. Багагүй мөнгө зарцуулсан иймэрхүү техник хэрэгслийг засч сэлбээд ажиллуулах гэх мэт шийдэл дээр хэр анхаарах вэ?

-Загатнасан газар маажив гэдэг шиг асуулт байна. Баянхонгор аймагт 200 сая төгрөгийн хоёр трактор цоо шинэ пресстэйгээрээ анжистайгаа эвдрээд дуусч байна. Галуут сумын Талын хөндий, Өлзийт сумын Шаргалжуутын голоос татдаг бороожуулалтын системийг авчирна гээд төлөвлөчихсөн байгаа. Нэгэнт мөнгө зарсан бэлэн юмаа эдийн засгийн эргэлтэд  оруулж чадахгүйд хамаг учир бий нь үнэн. Хэрвээ энэ янзаараа урагшлахгүй суугаад байвал дампуурал ойрхон байна. Ер нь аливаа юмны уялдаа холбоог харж хэрэгжүүлж чадсан төслүүд л ашгаа өгнө.


                           Хот тохижилтын компаниа хөгжүүлж аймгийнхаа ажилгүйдлийг шийднэ


-Таны ярьсан төслүүд хэрэгжээд эхлэхээр хот тохижилтынхон чамгүй ажилтай болох нь. Хот тохижилтын хүрээнд олон ч хүн ажлын байртай болох юм байна. Яг хэчнээн хүнийг ажлын байраар хангах бол, тийм тооцоо гаргасан уу?

-Одоогийн тооцоогоор зуны улиралд хот тохижилтын ажилд 400 хүнийг оролцуулна. Цалин нь багаар бодоход сая төгрөг байна. Нэг хүний цаана таван хүн бий гээд бодохоор 3000 хүний амьжиргааг шийднэ гэсэн үг. Чаддаг зүйлээ дор бүрнээ сайн хийцгээе гэсэн уриатай ажиллахад болохгүй юм үгүй. Энэ бол хамгийн хурдан ажлын байртай болох арга. Ер нь ямар ч ажлыг сайн хийлгэхэд хяналт чухал юм билээ. Хяналт хийх тусгай баг гаргана. Орлогыг тендэр байдлаар өгөхөөр нэг компанийн захирал дангаараа үр шимийг нь хүртээд ажилчид бага цалин авдаг нийтлэг үзэгдлийг зогсооно. Иргэдээр өөрсдөөр нь бүгдийг хийлгэж хангалттай хэмжээний орлоготой болгоход онцгойлж анхаарна. Иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, ажлын байртай болгож, амьдралын чанарыг сайжруулах арга нь энэ гэж харж байгаа. Хэдий болтол том үйлдвэр барина гэсэн мөрөөдлийн зүйл ярьж иргэдээ ажил, орлогогүй хэцүү тарчиг амьдруулах юм бэ.

-Хот тохижилт үнэхээр л олон хүнийг ажлын байраар хангах онцлогтой салбар юм байна шүү.

-Харин тийм, хамгийн хурдан хугацаанд ажлын байр бий болгож, иргэдээ орлогожуулах салбар бол хот тохижуулалт.  Ингэний сүүний үйлдвэр гэх мэт бизнес төсөл хэрэгжүүллээ гэхэд тус бүрдээ 50, 60 хүнийг тогтмол ажлын байраар хангана л даа. Гэхдээ нийтийг хамрах тал дээр учир дутагдалтай. Би нэг тоо сонирхуулъя. Зөвхөн хөдөлмөр халамжийн газар  гэхэд л 150 сая төгрөгийг нийтийг хамарсан ажилд зарцуулах төсөвтэй байна. Энэ төсвийг байгаль орчинтойгоо холбоод Түйн голынхоо ай сав газрыг сайхан болгох боломжтой. Би энэ тухай өмнө нь дэлгэрэнгүй ярьсан учраас ингээд зогсъё.  Түйн голын ай савыг тохижуулахад өчнөөн хүн цалингаа авч оролцоно гээд харахаар нэг талаас иргэдээ дэмжсэн ухаалаг шийдэл, нөгөө талаас байгалиа бодсон алсын хараатай бодлого болчихож байгаа юм. Бодлогоо бодох шаардлага яг эндээс л харагдсан. Аймгийн хэмжээнд бүх л төслийг яг ингэж холбож харна. Дахиад хэлэхэд бодит хөрсөн дээрээ бууна. Би 14 төсөл хөтөлбөрийн байгууллагынхныг цуглуулж уулзуулахдаа нэг л зүйл хэлсэн. Тусдаа явахгүй шүү, бүгд нийлээд бодлогоо  уялдуул гэсэн. 

-Уул уурхайн компаниудын аймагт зарцуулж буй орлого мөнгийг ил тод зарлаад ирэхээр уул уурхайг ёс мэт эсэргүүцдэг хандлага ч зөөлрөх байх шүү. Тэгэхээр ил тод байх хэрээр орлого нэмэгдэх нь ээ?

-Яриангүй тийм. Үнэнийг хэлэхэд нэг суманд уул уурхайг эсэргүүцдэг арав, хорьхон хүн л байдаг. Өнөө хүмүүс нь тус бүрдээ сая төгрөг авчихаараа дуугүй болчихдог. Тэгээд өнөө мөнгө нь дуусахаар ахиад нэхдэг, өгөхөөр нь мөн л дуугүй болчихдог. Ийм гажуудлыг арилгана. Нэг хэсэг хүний биш нийтийн эрх ашгийн төлөө уул уурхайн орлогыг зарцуулахад онцгой анхаарна. Уул уурхайн үр шимийг бодитоор хүртээд эхэлбэл ард түмэн бухимдахгүй. Уул уурхайн орлогыг ил тод болгоогүй учраас л иргэд бухимдаад байдаг юм.

Холбоотой мэдээ