Завханд 749 хүн гэрийн тусгаарлалтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-02-16 18:53:02

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт баярын өдрүүдээр аймгийн хэмжээнд нийт дөрвөн пост, 70 хяналтын цэгт нийт 205 алба хаагч ажиллалаа гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

-“Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд Их-Уул, Сонгино, Тэлмэн, Тосонцэнгэл гэсэн дөрвөн суманд байнгын дөрвөн пост, хяналтын 70 цэг ажиллаж байна. Эдгээрт цагаан сарын баярын үеэр цагдаагийн алба хаагч 47, бусад байгууллагаас 158 алба хаагч ажилласан байна. Улиастай сумаас орох, гарах хөдөлгөөнд хяналт тогтоох зорилгоор таван пост ажиллуулж цагдаа, онцгой байдлын албаны нийт 10 алба хаагч 24 цагаар өдөр бүр үүрэг гүйцэтгэлээ.

Мөн Улиастай сумын баг доторх хөдөлгөөнд хяналт тогтоох, иргэдийн хөдөлгөөнийг түр хязгаарлах дөрвөн цэгт нийт 12 алба хаагч ажилласан. Эдгээр алба хаагчид автомашин болон морьтой эргүүл хийсэн. Энэ хугацаанд Цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас зөрчлийн шинжтэй гурван гомдол мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн. Эрүүлжүүлэх байр хүнгүй, баривчлах байр нэг хүнтэй байсан. Баярын үеэр гэмт хэрэг, зам тээврийн зөрчлийн дуудлага ирээгүй.

Харин голомтот бүсээс татан авалтаар ирсэн гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд хяналт тавих ажлыг цагдаагийн алба хаагч нар төрийн албан хаагчдын хамтарсан баг хяналт тавьж ажиллалаа. Аймгийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад 749 хүн байна. Үүнээс Улиастайд 233 иргэн  хяналтад байгаа” гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.  

Холбоотой мэдээ