Жижиг цехийг дагаж сумдад ажлын байр нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-02-16 18:50:38

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн долоон суманд нэхий, арьс шир боловсруулах жижиг цех ажиллаж, өнөөдрийн байдлаар 4300 гаруй хонины нэхийг элдэж худалдаанд гаргажээ.

Өдгөө Баянтэс, Идэр, Сонгино, Ургамал, Шилүүстэй, Яруу, Завханмандал суманд нэхий, шир боловсруулах иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг гардуулан өгснөөр иргэд жижиг цех ажиллуулж, тухайн орон нутагтаа захиалгаар болон өөрсдийн худалдан авалтаар үнэгүйдээд буй нэхийг элдэж, зах зээлд гаргаад буй юм. Эдгээр жижиг цехийг дагаж сумдад хоёроос гурван хүний ажлын байр нэмэгджээ. Өнгөрсөн жил тус аймгийн долоон суманд нэхий, арьс шир боловсруулах иж бүрэн тоног төхөөрөмжийг аймгийн ЗДТГ-аас гардуулан өгчээ.

Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилт тавин ажиллаж байсан тус аймаг өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттай зохион байгуулж, 2018-2020 онд 24 сумандаа жижиг үйлдвэрлэл хөгжүүлэх сонирхолтой иргэдийг тоног төхөөрөмжөөр хангах ажлыг хийжээ.

Дээрх зорилтын хүрээнд гадаад зах зээлээс босгосон 380 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг 24 суманд тус бүр нэг жижиг үйлдвэр байгуулахаар төлөвлөсний нэг нь нэхий, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах санал ирүүлсэн сумдыг тоног төхөөрөмжөөр хангах явдал байв. Эдгээр тоног төхөөрөмжийг Монгол орны онцлогт тохирсон нөхцөлөөр дотоодын үйлдвэрт захиалгаар хийлгэсэн байна. Цаашид үйлдвэрлэлээ амжилттай авч явах гол хөшүүрэг болох үйлдвэрлэлийн, борлуулалтын, санхүүгийн менежментээ сайн хийж үйлдвэрлэлээ амжилттай өргөжүүлэхэд нь “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөд иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төслөөс дэмжин ажиллаж байгаа гэж "Дэлхийн Зөн Завхан хангай" төслөөс мэдээлэв.

Ташрамд тус аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг сүүлийн гурван жилийн турш бойжуулах, шат дараатай техник тоног төхөөрөмжөөр хангах ажлыг тус төслийг хэрэгжүүлж буй "Дэлхийн Зөн Монгол" Олон улсын байгууллагын Завхан салбар хийж байгаа аж. 

Холбоотой мэдээ