Төрийн үйлчилгээний ажилтнууд он гарсаар 5600 гаруй иргэнд мэдээлэл дамжуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн 24 суманд төрийн үйлчилгээний
ажилтнууд цар тахлын үеийн бэлэн байдалд иргэдэд шуурхай мэдээлэл
дамжуулах үүрэгтэйгээр ажиллаж байна.
Цар тахлын энэ үед эдгээр ажилтнууд он гарсаар утсаар болон
цахимаар давхардсан тоогоор нийт 5600 гаруй иргэнд мэдээлэл дамжуулжээ.
Харин "COVID-19" халдвараас урьдчилан
сэргийлэх хөл хорионы дэглэм тогтоосон үеүдэд иргэд автомашины хөдөлгөөн, хязгаарлалт,
аж ахуйн нэгж, үйлчилгээний газруудын мэдээлэл, эрүүл мэнд, яаралтай
шинжилгээний талын мэдээллүүдийг ихэвчлэн утсаар, цахимаар лавлаж мэдээлэл
авчээ. Иргэн төвтэй төр бүхий, төрийн албан хаагчдын мэдлэг ёс зүйг эрхэмлэн
ажиллах зорилтыг тавиад буй тус аймгийн 24 суманд оны өмнөхөн төрийн
үйлчилгээний ажилтныг сум бүрийн ЗДТГ дээр ажиллуулж байгаа билээ. Эдгээр
ажилтнууд нь төрийн үйлчилгээний мэдээллийн нэгдсэн системийг ашиглан иргэдэд
үйлчилгээ үзүүлдэг байна. Мөн төрийн үйлчилгээний мэдээ мэдээллийг иргэдэд
түргэн шуурхай, чанартай хүргэж, төрийн 11 байгууллагын 54 төрлийн
үйлчилгээг эхний шатанд үзүүлж байгаа ажээ.
Төрийн үйлчилгээг үзүүлэхдээ төрийн
үйлчилгээний мэдээллийн нэгдсэн системийг ашиглан иргэдэд чирэгдэлгүй
үйлчилгээг хүргэж байна. Харилцаа холбоо мэдээллийн технологийн газраас
үйлчилгээний мэдээллийн систем, төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны
удирдлагын системүүдийг хөгжүүлж ашиглалтад оруулсан байгаа. Энэхүү
системүүдийг ашиглан үйлчилгээ үзүүлэх төрийн байгууллагын ажилтнуудад сургалт
зохион байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгснөөр иргэд
цогц мэдээллийг дээрх ажилтнаас авах боломжтой болсон нь иргэдийн цаг хугацааг
хэмнэсэн ажил болоод буй гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.