Чингис хотод Даян дэлхийн энхийн бамбар айлчлан ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-09 08:52:31

Улс түмнүүдийн эв нэгдэл, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой Энх тайвны галт бамбарт буухиа гүйлт энэ оны 4-р сард АНУ-ын Нью-Иорк хотод албан ёсны нээлтээ хийсэн. Тус Даян дэлхийн энхийн бамбар Хэнтий аймгийн Чингис хотод өнөөдөр айлчлан ирлээ.

Энэхүү бамбар нь  маргааш өглөөний 8.30 минутанд цааш замдаа гарч, улмаар Мөрөн сум, Жаргалтхаан сум болон Цэнхэрмандал сумдыг дайран өнгөрөх бөгөөд энэ сарын 8-10-ны өдрийн  хооронд буюу нийтдээ 3 өдрийн туршид Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээр 260 гаруй км замыг туулан Энхийн галт бамбар аялах аж.

Энх тайвны гүйлт 2016 онд Монгол оронд Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Онцгой байдлын Ерөнхий газар, Шри Чинмойн марафоны баг маршрутын дагуух аймаг сумдын захиргаатай хамтран зохион байгуулж байгаа юм.

Нэрт тамирчин Шри Чинмой Энхийн гүйлтийг 1987 онд анх санаачилсан бөгөөд Монгол Улс 1995 онд энэхүү гүйлтэнд нэгдэн орсон. Энэ жил Энхийн гүйлтийн галт бамбарыг БНХАУ-ны ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотоос 6-р сарын 03-нд хүлээн авч Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Улаанбаатар, Төв, Архангай, Өвөрхангай, Завхан, Ховд зэрэг 9 аймгийн 39 сумын нутаг дэвсгэрээр буухиалан аялж, 300 км орчим урт замыг туулан 6-р сарын 27-нд Ховдын Булган боомтоор БНХАУ-ын багтай нийлж Казакстаны Алмата хот хүртэл гүйх ажээ.

Энхийн гүйлт нь дэлхийн 100 гаруй орныг хамран зохиогддог бөгөөд эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон галт бамбарыг гүйгчид гараас гарт дамжуулан, зүрхнээс зүрхэнд эв нэгдлийн уриаг хүргэдэг. Энхийн гүйлт нь эгэл жирийн хүмүүс даян дэлхийн эв найрамдлын төлөө хэрхэн чармайлт гаргаж байгааг илтгэн харуулдаг юм. Үүнд ямар нэг байдлаар улс төрийн болон эд баялгийн ашиг олох зорилго үл агуулагдана. Бамбарыг барин та хэдэн алхам гүйж болно, хэдэн км ч гүйж болно. Эсвэл дэргэдүүрээ өнгөрч буй гүйгчдэд баяр хүргэн, чин сэтгэлийнхээ мэндчилгээг хүргэж болно.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ