Ж.Байден, Ши Жиньпин нар яриа хэлэлцээ хийжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-11 12:31:20

ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй ерөнхийлөгчийн хувиар анх удаа утсаар ярих үеэрээ коронавирус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, зэвсэг түгээн дэлгэрүүлэх явдлаас зайлсхийх асуудлуудыг хэлэлцжээ.


“Хоёр улсын удирдагчид цар тахал, эрүүл мэндийн салбарт тулгарах аюулгүй байдлын сорилтууд, уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн зогсох, зэвсэг түгээн дэлгэрүүлэх явдлаас зайлсхийх асуудлуудаар санал бодлоо солилцлоо” хэмээн Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна. 


Түүнчлэн Ж.Байден Хонконг, Шинжаан Уйгарын өөртөө засах орон, Тайвань дахь нөхцөл байдалтай холбогдуулан санаа зовниж буйгаа илэрхийлжээ.


“Ерөнхийлөгч Ж.Байден Америкийн ард түмний аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт, эрүүл мэнд, амьдралын хэв маягийг хамгаалах, Энэтхэг Номхон далайн бүс нутгийн чөлөөт, нээлттэй орон зайг хадгалан авч үлдэх асуудлыг эн тэргүүнд анхаарч буйгаа батлан мэдэгдлээ. Түүнчлэн Хятадын эрх баригчдын шударга бус, албадлагын шинжтэй эдийн засгийн арга барил, Хонконгт үзүүлж буй шахалт, Шинжаан Уйгарт хүний эрх зөрчигдөж буй явдал болон бус нутаг тэр дундаа Тайванд авч буй илүү түрэмгий алхмуудад ихээхэн санаа зовниж буйгаа онцлон тэмдэглэв” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.


Харин Америкийн төрийн тэргүүн Хятадын ард түмэнд сар шинийн баярыг тохиолдуулан баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөжээ.


"Америкийн ард түмний ашиг сонирхолд нийцсэн тохиолдолд Хятад улстай хамтран ажиллан гэдгээ би Ши Жиньпинд хэлсэн" хэмээн Ж.Байден “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


Жо Байден лхагва гарагт Пентагонд үг хэлэхдээ, АНУ Хятадын талаар, тэр дундаа батлан хамгаалахын салбарт учирч буй сорилтуудыг сөрөн зогсох зорилгоор ажлын хэсэг байгуулна гэж мэдэгджээ.


Түүнчлэн БНХАУ, АНУ хоорондын мөргөлдөөн хоёр улсад төдийгүй дэлхий дахинд аюул учруулна гэж  БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэдэгджээ. Талуудын хамтын ажиллагаа хоёр улсад төдийгүй дэлхий дахинд ашигтай олон чухал үйл явдалд хүргэнэ гэж тэрбээр мөн хэлсэн байна.


Тайван, Шинжаан Уйгар, Хонконгийн асуудалд болгоомжтой хандаж, хүндэтгэл, сөргөлдөөнгүй байдал дээр тулгуурлан харилцаагаа өрнүүлэхийг Ши Жиньпин АНУ-д уриалжээ. 

Холбоотой мэдээ