Цагдаагийн газраас хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-02-08 19:21:55

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас байгууллагын ил тод байдлыг хангах, үйл ажиллагааг сурталчлах зорилгоор орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Уулзалтын үеэр Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат 2020 онд гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, цаашид хэрэгжүүлэх бодлого чиглэлээ танилцуулан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

Аймгийн Цагдаагийн газрын 2020 оны ажлын төлөвлөгөөний биелэлт 98 хувьтай дүгнэгдсэн бол Замын Цагдаагийн тасаг ажлаараа улсад 2 дугаар байрт шалгарсан байна. Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болон согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, эрүүгийн гэмт хэргийн гаралт буурч, илрүүлэлт сайжирсан байна.

Өнгөрсөн жил Өвөрхангай аймгийн хэмжээнд 338 холбогдогчтой, 772.9 сая төгрөгийн хохиролтой, 407 гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасныг урьд оны мөн үетэй харьцуулахад 206 хэргээр буюу -33.6 хувиар буурч, хэргийн илрүүлэлт +3,1 нэгжээр өссөн үзүүлэлттэй байна. 2020 онд 59.829 зөрчлийг шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.331 буюу +37.5 хувиар өсжээ.
Ард иргэдийн амар тайван, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангахад хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг оролцоо чухал байж, үнэн зөв, түргэн шуурхай нээлттэй мэдээлэл хүргэснээрээ эерэг нөлөөллийг үзүүлдэг хэмээн тус газрын дарга хэлж байв. 
Холбоотой мэдээ