Эрсдэлт бүлгийн хүмүүсийг эхний ээлжинд вакцинжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-07 11:44:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн 73 улсад өнөөдрийн байдлаар 128 сая хүн коронавирусний вакцинд хамрагджээ. Ингэхдээ, ДЭМБ болон АНУ-ын халдварт өвчин судлалын төвийн эрдэмтдийн гаргасан судалгаанд үндэслэн зорилтот бүлгийн хүмүүсийг эхний ээлжинд хамруулж байна. 


ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдөр мэдээлэхдээ, "Дэлхий дахинд эрсдэлт бүлэг буюу коронавирустэй нүүр тулан тэмцэж буй эрүүл мэндийн ажилтан, онцгой байдал, цэрэг, цагдаа, хүчний байгууллагын алба хаагчид, 50-иас дээш насныхан, архаг суурь өвчтэй хүмүүсийг эрэмбэлэн вакцинд хамруулж байна. Манай улс мөн адил эрсдэлт бүлгийн хүмүүсийг эхний ээлжинд вакцинд хамруулахаар төлөвлөж байна" хэмээв. 


Ташрамд дурдахад, Монгол Улс ДЭМБ-ын дэргэдэх “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний удиралд вакцин нийлүүлэх орны жагсаалтад багтсан байна. Манай улс 2021 оны нэгдүгээр улиралд “COVAX” хөтөлбөрийн хүрээнд “AstraZeneca”-гийн 163 мянган тун, “Pfizer”-ын 25 мянган тун, нийт 188 мянган тун вакцин хүлээн авах төлөвтэй байгаа юм.

Холбоотой мэдээ