Махны үнэ 2000-3000 төгрөгөөр нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-03 18:52:00

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн "Шинэ-Алтай" захад махны үнэ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 2000-3000 төгрөгөөр нэмэгджээ. 


Тодруулбал, тус захад хоёрдугаар сарын 3-нд хонины мах нэг килограмм бөөний үнэ 7500-8000, жижиглэнгийн үнэ 8500 төгрөг, үхрийн мах бөөний үнэ 8500, ястай 9000, шулаа 13000, ямааны мах бөөний үнэ 6500, жижиглэн 7500, тэмээний мах бөөний үнэ 4600, шулаа 7000 төгрөгийн үнэтэй байна.

Үнэ нэмэгдсэний учир шалтгааныг махны худалдаачид: “Бидэнд ченжүүд мал, махыг үнэтэй нийлүүлж байна. Уг нь малчдаас авдаг байхад махны үнэ тогтвортой, арай ийм үнэтэй байдаггүй байсан. Харин сүүлийн хоёр жил ченжүүд малчдаас авч бидэнд нийлүүлдэг болсон. Энэ нь үнэ хөөрөгдөхөд нөлөөлж байна. Энэ жилийн тухайд мах үнэтэй байгаа учир иргэдийн худалдан авах чадвар ч муудсан” гэлээ. 

Харин иргэд: “Өдөр тутмын хэрэглээ болсон махны үнэ өссөн нь ард иргэд бидний амьдралд хүндээр тусч байна. Хоосон хонохгүйн тулд үнэтэй болсон ч авахаас өөр аргагүй шүү дээ. Сард олдог хэдээ маханд л өгч байна, махны үнийг бууруулах, тогтвортой байлгахад орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай байна” гэлээ.


Холбоотой мэдээ