Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс сэргийлэх 27 ажил төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-28 14:42:37

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл нэгдүгээр сарын 27-нд хуралдав. Энэ үеэр өнгөрсөн оны ажлаа дүгнэж, 2021 онд хэрэгжүүлэх шинэ ажлын төлөвлөгөөний тухай хэлэлцлээ.

Тус зөвлөлийн гишүүдийн зүгээс санал бодлоо нээлттэй илэрхийлсэн. Улмаар 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд гурван бүлэг бүхий 27 ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгаж, төлөвлөгөөний төслийг баталлаа. 

Ингэхдээ 2021 оныг “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах жил болгон зарлаж байгаагаа онцлов. 

Тус зөвлөл нь өнгөрсөн 2020 онд ан амьтны байршил, ашигт малтмал олборлолтын бүс нутагт хамрах 10 гаруй суманд ажиллаж, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх өдөрлөг, арга хэмжээг хэд хэдэн удаагийн давтамжтай зохион байгуулсан.

Тодруулбал, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд, Дуут, Мөнххайрхан, Мөст, Цэцэг, Алтай, Үенч, Манхан, Зэрэг, Дарви сум, хөдөөгийн багийн нийт 2200 орчим иргэнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл түгээв.  

Энэхүү зөвлөл нь аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд үйл ажиллагаа явуулж буй.  

Холбоотой мэдээ