“Евро-2016”-гийн үеэр халдлага үйлдэх гэж байсан этгээдийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-06-07 09:14:55

КИЕВ. /ВВС/. “Евро-2016” тэмцээний үеэр террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гэх хэрэгт сэжиглэн Францын иргэн эрэгтэйг Украины аюулаас хамгаалах алба мэдэгдлээ.

Тус албаны мэдээлснээр, сэжигтнийг Польштой залгаа хилийн шалган нэвтрүүлэх цэгт өнгөрсөн сарын сүүлчээр баривчилжээ. Тэрбээр автомат буу, 5000 гаруй сум болон танк эсэргүүцэх гранатууд авч явсныг илрүүлэн хураасан байна.

Мөрдөн байцаагчид хэлэхдээ “сэжигтэн энэ сарын 10-нд Францад эхлэх “Евро-2016”-гийн үеэр халдлага үйлдэхээр төлөвлөж байсан. Францын засгийн газрын байрууд болон сүм зэрэг газрыг сэжигтэн этгээд онилж байсан” гэлээ.

Францын хэвлэл мэдээллүүдийн мэдээлснээр, халдлага үйлдэх гэж байсан залуу тус улсын зүүн нутагт амьдардаг аж. Түүний гэрт нэгжлэг хийхэд, хэт барууны үзэлт нэгэн бүлэглэлийн бэлгэ тэмдэг бүхий цамц олджээ.

Сэжигтэн этгээд Украинаас Франц руу зэвсэг нэвтрүүлэхийг оролдож байсан гэж шинжээчид үзэж байна. Тэдний үзэж байгаагаар, Украины зүүн нутагт тус улсын засгийн газрын хүчнийхэн болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын хооронд байлдаан болж байгаа учир төрөл бүрийн зэвсгийг хялбархан олж авах боломжтой.

Өнгөрсөн онд Францад хоёр томоохон террорист халдлага болсон юм. "Евро-2016" хөлбөмбөгийн тэмцээний үеэр терроризмын ажиллагааг таслан зогсоох зорилгоор Францын Засгийн газар 100 мянга орчим цэрэг, цагдааг дайчлах ажээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ