Дундговьд гэмт хэрэг 15 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-06 19:57:32

2016 оны эхний 5 сарын байдлаар Дундговь аймгийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн гэмт хэрэг урьд оны энэ үеийнхээс 15 хувиар буурсаныг аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Гэмт хэргийн дотор хулгайн гэмт хэрэг өндөр хувийг эзэлдэг байсан бол эхний таван сард 12 тохиолдлоор буюу 28.5 хувиар буурсан байна. Гэхдээ хулгайн хэрэг  дотор иргэдийн өмчийн хулгай 14 хувиар өсчээ.

Хулгайн гэмт хэргийн дараа жагсдаг байсан бусдын биед гэмтэл учруулсан хэрэг энэ оны эхний 5 сард хулгайн гэмт хэргээс ахиу гарч 42 тохиолдол бүртгэгдсэн  байна. Энэ нь урьд оны энэ үеийнхээс 31 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Харин залилан мэхлэх, танхайрах болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг 16- 46 хувиар тус тус буурч, булаалтын гэмт хэрэг өсөөгүй, золгүй учралаар амь насаа алдсан хэрэг 4 тохиолдлоор мөн буурчээ.

Урьд онд хүн амины гэмт хэрэг бүртгэгдээгүй. Харин энэ он гарсаар 2 хэрэг бүртгэгдсэн байна

Гэмт хэргийг ангилж үзэхэд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг 35- 50 хувиар буурч,онц хүнд гэмт хэрэг 2 тохиолдол гарч, урьд оныхоос өссөн. Гэмт хэргийн улмаас 6 хүн нас барж, 53 иргэн гэмтэн, 107 иргэн хохирсон байна. Иргэдэд 330 гаруй сая төгрөгийн хохирол учирсан бол үүний 67  хувийг нөхөн төлүүлжээ.

Гэмт хэргийн илрүүлэлт 62 хувьтай буюу өнгөрсөн оныхоос 14 хувийн өсөлттэй байна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ