Уйгаруудын эсрэг явуулж буй Хятадын үйл ажиллагааг "геноцид" гэж мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-01-20 13:29:20

ВАШИНГТОН. /TASS/. БНХАУ Шинжаан Уйгурын Өөртөө Засах Оронд (ШУӨЗО) уйгуруудын эсрэг "геноцид", "хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг" үйлдэж байна гэж АНУ-ын эрх баригчид үзэж байна. Ийм мэдэгдлийг тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мягмар гарагт хийжээ.


“Баримтуудыг сайтар судалж үзсэний эцэст 2017 оны гуравдугаар сараас хойш БНХАУ Хятадын Коммунист намын удирдлага, хяналт дор Шинжаан дахь уйгурууд болон бусад үндэстэн, шашны цөөнхийн эсрэг хүмүүнлэг ёсны гэмт хэрэг үйлдсэн гэсэн дүгнэлтэд хүрлээ” гэж Помпео мэдэгдсэн байна. ШУӨЗО-д хүний эрх, эрх чөлөөг хөсөрдүүлж байна гэх Вашингтоны мэдэгдлийг БНХАУ-ын эрх баригчид өмнө нь удаа дараа няцаасан юм.


“Үүнээс гадна, БНХАУ тус оронд аймаглан устгах (геноцид) ажиллагаа явуулсан гэдэг дүгнэлтэд хүрлээ. Геноцид үргэлжилсээр байгаа гэдэгт би итгэлтэй байгаа бөгөөд уйгаруудыг устгах гэсэн системтэй оролдлогуудыг бид харж байна” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга мэдэгджээ.


Помпеогийн мэдэгдлийг Вашингтоны засаг захиргаа солигдохоос нэг өдрийн өмнө нийтэлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байдены тангараг өргөх ёслол нэгдүгээр сарын 20-ны лхагва гарагт болно.


Холбоотой мэдээ